Монгол улсын Засгийн газраас 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувь болох 3 тэрбум хувьцааг 2012 оны 4-р сарын 11-ээс өмнө төрсөн нийт иргэдэд үнэ төлбөргүй олгох шийдвэр гаргаж байсан. Харин энэ удаад 2012 оны 4-р сарын 11-ээс хойш төрсөн хүүхдүүдэд шинээр хувьцаа олгохоор Засгийн газраас шийдвэрлээд байгаа. Тэгвэл өчигдөр УИХ-ын Эдийн Засгийн байнгын хороогоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Компанийн 34 хувийг Монгол улсын бүх иргэнд эзэмшүүлэх мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, мөн иргэдэд ногдол ашиг олгох зэрэг асуудлуудыг өчигдөр Эдийн Засгийн байнгын хороогоор хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн байна.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компани нь нийт 4.6 их наяд төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа юм байна. Нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг 200 орчим мянган төгрөг байхаар урьдчилсан тооцооллыг гаргажээ. Гэсэн хэдий ч энэ хэмжээний мөнгийг хуваарилбал компани төлбөрийн чадамжгүй болж дампуурах эрсдэлд орно гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэллээ.