Тун удахгүй XVII жарны "Хилэнт Эх" хэмээх модон луу жил гарах гэж байна. Энэ жил цагаан сарын шинийн 1-ний өдөр 2-р сарын 10-нд тохиох бол битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл байгаа. Тэгвэл зурхайн тоололд энэ жил битүүний өдөр тэмдэглэгдээгүй ч иргэд 2-р сарын 9-ний өдөр битүүлэг хийж болох юм байна. Битүүний оройн ном хурах ёслолыг мөн тухайн өдөр буюу 9-ний орой хийнэ гэдгийг Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс мэдээлжээ.
Манай улс Монгол зурхай буюу Төгсбуянтын зурхайн аргыг ашигладаг. Тэгвэл Төгсбуянтын зурхайн арга нь сарны хөдөлгөөний байрлалаар үндэслэгдэж зурагддаг байна. Өөрөөр хэлбэл, сар дэлхийг тойрон эргэж байгаа хугацаанаас хамаарч Монгол зурхайн аргаар билгийн тооллыг тооцоолон гаргадаг байна.
Аргын тооллоор нэг сар 30, 31 хоногтой байдаг бол билгийн тооллоор битүүн гээд 30 хоногоор тасардаг байна. Гэвч сар дэлхийг тойрох хурд жигд биш учраас зарим тохиолдолд нэг өдөр туулах замыг хоёр өдөрт туулдаг байна. Үүнийг Монгол зурхайн аргаар тооцоолсноор өдөр тасрах асуудал үүсдэг байна. Тиймээс энэ жил монгол зурхайн тоолол буюу билгийн тооллоор битүүний өдөр тэмдэглэгдээгүй байна.
Төрт ёсны хамгийн том баяр болох сар шинийн баярыг угтах бэлтгэлийн өдөр нь битүүний өдөр. Энэ өдөр ирэх жилдээ элбэг дэлбэг байхыг билэгдэж идээ ундаагаа засдаг. Тэгвэл хэдийгээр билгийн тоололд битүүний өдөр тэмдэглэгдээгүй ч иргэд уламжлалт ёсоор битүүлэх зан үйлээ гүйцэтгэж болох юм байна.
XVII жарны "Хилэнт Эх" хэмээх модон луу жилийн шинийн нэгэн 2-р сарын 10-нд тохиож, 9-ны өдөр буюу билгийн тооллын 29-нд битүүний өдрийн хурал номоо хурна.