Энэ өвөл ОХУ-аас Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ бууруулсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч 12-р сараас оргил ачааллын үед Улаанбаатар хотод эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа. Цаашид ч эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэхээр байгаа тул найдвартай томоохон эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй болж байгаа юм. Тэгвэл эхний ээлжид Бөөрөлжүүтийн цахилгаан станц ирэх 10-р сард ашиглалтад орохоор байна. Үүнээс гадна хог хаягдлыг шатаан, эрчим хүч гарган авах үйлдвэр байгуулахаар судалж байгаа юм байна.
- Төв аймгийн Баянжаргалан сумд баригдаж байгаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалт 4 шаттайгаар хэсэгчлэн хэрэгжих бөгөөд эхний шатны ажил энэ оны 10-р сард гэхэд дуусгавар болох юм байна. Ингэснээр тухайн цахилгаан станц Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд 150 мвт эрчим хүч нийлүүлэх юм.
- Харин 2-р шатны ажил нь 2025 онд ашиглалтад орох бөгөөд ингэснээр ахин 150 мвт-ыг нийлүүлэх боломжтой болно. Төслийн эхний хоёр шат хэрэгжсэнээр одоогийн ТЭЦ-3-ын үйлдвэрлэдгээс нэг дахин илүү буюу 300 мвт-ыг төвийн эрчим хүчинд нийлүүлэх юм.
- Хөгжингүй улс орнуудад хог хаягдлаас эрчим хүч гаргаж авдаг жишгийг манай улс мөн хэрэгжүүлэхээр зорьж байна. Хог хаягдлыг шатааж эрчим хүч гарган авах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаан Давааны хогийн цэгт байгуулахаар судалж байгаа юм байна.
- Хог хаягдлаар эрчим хүчний асуудлаа шийдсэн Швед улс нь жилдээ 2 сая тонн хог хаягдлыг шатаан эрчим хүч гаргаж авдаг бөгөөд гадны улсаас хүртэл хог хаягдлыг импортлон авдаг байна.
Дулааны цахилгаан станцууд ачааллаа дийлэхгүй байгаагаас шалтгаалж хотоороо харанхуй болох, хөлдөх эрсдэл бидний өмнө үүсээд байгааг салбарынхан тайлбарладаг. Мөн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхэд эрчим хүчний хэрэглээ шаардлагатай байгаа юм. Одоогоор Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний шатын бүтээн байгуулалтын ажил энэ 10-р сард ашиглалтад орно гэж байгаа боловч одоо үүсээд байгаа эрчим хүчний салбарын ачааллыг багахан хэмжээгээр л бууруулах тооцоо байгаа. Тиймээс 1000 мвт-аас дээш хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг хурдан хугацаанд барьж байгуулах хэрэгтэйг салбарынхан зөвлөж байна.
Улаанбаатар хотод хог хаягдал хүлээн авах гурван цэг бий. Тухайн цэгүүдэд өдөрт дунджаар 3000-4000 тнн хог хаягдал төвлөрдөг байна. Төвлөрсөн хог хаягдлыг 2020 оноос эхлэн хөрсөөр хучиж даран, талбайг нь нөхөн сэргээж эхэлсэн. Тэгвэл энэ технологийг халж, хог хаягдлыг ангилж хүлээн аван, шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэрийг байгуулахаар судалж байгаа юм байна. Хог хаягдлаас эрчим хүч гарган авдаг Швед улс нь жилд 2 сая тонн хог хаягдлыг шатаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Шведийн нийт хог хаягдлын 1 хувь нь л хогийн цэг дээр очиж үлдсэн 99 хувийг дахин боловсруулж, эрчим хүч гаргахад ашигладаг байна.