Дэлхийн дундаж температур өсөн дулаарч байгаа ч өвөлдөө хэт хүйтэн, жавартай байгаа шалтгааныг тайлбарлажээ

Дэлхий дахинд цаг агаар зуны улиралдаа хэт халж, халуун агаарын урсгал зонхилж байсан ч өвөлдөө ялангуяа Хойд Америк, Ази, Европ тивийн дийлэнх улс орон, бүс нутагт цаг агаар эрс хүйтэрч байгааг Арктикийн агаарын тэсрэлттэй холбон тайлбарлаж байна. Энгийндээ уур амьсгалын өөрчлөлт нь манай гаргийн ус, агаарын эргэлтийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлснөөр дулааны улиралд ган гачиг, сэрүүний улиралд цочир хүйтрэл дагуулж байгааг эрдэмтэд хэлж байна.

Гэхдээ дэлхий даяар өвөл нь бүхэлдээ дулаахан байгаа ч энэ хугацаан дахь цаг агаарын нөхцөл байдал эрс тэс болсон гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн 2023 он манай гаргийн түүхэн дэх хамгийн халуун дулаан жил байсан хэдий ч хүн төрөлхтнөөс хамаарах хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтөд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын улс орнууд өртөж, өвөлдөө цочир хүйтэрч, гамшгийн түвшинд хүрсэн байна.

Тэгвэл дэлхийн дулаарлын нөлөөллөөр манай гаргийн хоёр туйлыг тойрсон хуй салхины эргүүлэг сулрах явцад хуваагдсан хүйтэн агаарын урсгал өмнө зүгийг чиглэж байгаа явдлыг Арктикийн агаарын тэсрэлт гэж тодорхойлдог байна. Харин энэхүү Арктикийн агаарын тэсрэлтийн давтамж нэмэгдсэнээр цаг агаар эрс хүйтрэн цасан шуурга шуурч, агаарын температур унаж, цочир хүйтэрч байна гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Өнгөрсөн 2021 онд Арктикийн агаарын тэсрэлтийн уршгаар АНУ-ын хамгийн дулаан уур амьсгалтай Техас мужид цаг агаар цочир хүйтэрсний уршгаар 250 орчим хүн осгож нас барсан юм.

Хойд Америк, Ази, Европ тивд цаг агаар хүйтрэхэд нөлөөлж байгаа өөр нэг шалтгаан бол агаарын тийрэлтэт урсгал юм. Энэ нь агаар мандал дахь салхины эргэлтийн урсгал бөгөөд даралтын нөлөөллөөр салхи чигээ өөрчилж байгаа явдал нь дээрх бүс нутгийн агаарын температур унахад нөлөөлж байна гэж үзэж байна. Тухайлбал агаарын тийрэлтэт урсгал урд зүг рүү чиглэх үед Хойд Америк, Европ, Ази тивийг Хойд туйлын хүйтэн агаарын урсгал дайран өнгөрнө. Харин эсрэг тохиолдолд цаг агаар дулаарч байгаа гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Өнгөрсөн 12-р сард Европ тивд өндөр даралтын хүчтэй савлагаа үүссэнээр богино хугацаанд хүйтэрч, огцом дулаарах үзэгдэл тохиолдсон байна.