Дэлхий дахинд баян хоосны ялгаа туйлдаа хүрэх төлөвтэй байна

2020 оноос хойш дэлхийн тэргүүлэх таван чинээлэг хүний хөрөнгө хоёр дахин өсөн нэмэгдэж 869 тэрбум америк.долларт хүрсэн байна. Харин энэ хугацаанд дэлхийн нийт хүн амын 60 хувь буюу 5 тэрбум хүний амьдралын түвшин буурч, ядуурсныг тэгш бус байдлын тайланд онцолжээ.

ОXFAM, байгууллагаас нийтэлсэн дэлхийн тэгш бус байдлын тайланд өгүүлснээр ирэх 10 жилийн хугацаанд манай гаргийн анхны их наядаар хэмжигдэх хөрөнгө чинээтэй хүн тодрох юм байна. Энэ нь баян хоосны ялгаа туйлдаа хүрснийг илтгэж байгаа төдийгүй дэлхийн ядуурлыг бууруулах, бүр арилгахад 230 жилийн хугацаа шаардлагатай болохыг харуулж байна хэмээн мэдээлжээ.

Дэлхий дахинд баялгийн тэгш бус хуваарилалт гүнзгийрч, томоохон компани, аж ахуйн нэгж, корпорацууд зах зээлд монопол тогтоож байгаа нь хүчний тэнцвэргүй байдлыг бий болгож байгааг судлаачид хэлж байна.

Судалгааны байгууллагаас чинээлэг хүмүүсийн хөрөнгө өсөн нэмэгдэж байгаа явдлыг шүүмжлээгүй. Харин ядуурал нь дэлхий нийтийн анхаарлаа хандуулах гол асуудал болсныг олон улсын эрх баригчдын сонорт хүргэхийн тулд дээрх мэдээллийг нийтэлсэн гэдгээ уламжилжээ.

Мөн тус тайланд томоохон компани, корпорацуудын ажилтнууд болон эзэд хоорондын тэнцвэрт байдлыг хадгалах, баян хоосны ялгааг арилгахын тулд тэрбумтнууд, чинээлэг хүмүүсээс баялгийн татвар авахыг уриалсан байна.