Тавгийн идээний багц ааруулыг малчдаас шууд худалдан авахад 100 мянган төгрөгөөр хямд байна

Цагаан сарын баярын өдрүүдэд иргэд ул боовноос илүүтэйгээр ааруулаар тавгийн идээ засах нь элбэг болжээ. Гэвч нийслэлийн худалдааны төвүүдээр зарагдаж байгаа цагаан идээний үнэ харьцангуй өндөр байгааг иргэд хэлж байна. Тухайлбал, нийслэлийн худалдааны төвүүдэд тавгийн идээний багц ааруулыг 350-420 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бол шууд малчны гараас худалдан авахад 100 мянган төгрөгөөр хямд байна.

Өвлийг өнтэй давж, хавартай угтан золгож байгааг илэрхийлэх уламжлалт сар шинийн баярын ширээний гол билэгдэл нь тавгийн идээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд ул боовноос илүүтэйгээр ааруулаар тавгийн идээ засах нь ихсэж, үүнийгээ дагаад цагаан идээний үнэ жил ирэх тусам нэмэгдэж байгааг иргэд шүүмжилж байна. Тэр дундаа тэтвэрийн насныханд энэ нь эдийн засгийн хүндрэл үүсгэж байна.

Тэгвэл энэ жил хотын худалдаа эрхлэгч болон орон нутгийн малчдын зарж байгаа 1 кг ааруулын үнийн дүнгийн зөрүү 10-20 мянган төгрөг, тавгийн идээний багц ааруулын үнийн дүнгийн зөрүү 100 мянган төгрөгийн хооронд байна. Тухайлбал Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдэд нэг кг ааруул 30-40 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол шууд малчны гараас 20-30 мянган төгрөгөөр худалдан авахаар байна. Харин тавгийн идээний багц ааруул нийслэлд 350-420 мянган төгрөг байгаа бол малчид 250-300 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Тэгвэл нийслэлд ааруулын үнэ өндөр байдаг асуудлыг ааруул үйлдвэрлэгчид сүүний үнэ нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байна. Нэг кг ааруул гарган авахын тулд дор хаяж 10л сүү ашигладаг байна. Тооцоолж үзвэл 1л задгай сүү 3800 төгрөг гэхэд 10л нь 38 мянган төгрөг болж байгаа юм. Үүн дээр нэмэгдээд нэмэлт бүтээгдэхүүн чихэр, ажилчдын хөлсийг тооцвол илүү ч өндөр үнээр худалдаалахаар байгааг ааруул үйлдвэрлэгч ААН-ийн төлөөлөл хэлж байна.

Жил бүрийн цагаан сарын өмнө өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж эсрэгээрээ иргэдийн худалдан авах чадвар мууддаг. Гэсэн ч хөгшчүүд уламжлалт цагаан сарын баяраа хийхийн тулд тэтгэврийн зээл авч худалдан авалтаа хийдэг жишиг энэ жил ч мөн үргэлжилж байна.