Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи мэргэжлээр улсын хэмжээнд 10 гаруй оюутан суралцаж байна

Улсын хэмжээнд археологийн малтлагаар жилд дунджаар 150-200 гаруй олдвор илэрдэг байна. Гэсэн ч тэдгээрийг сэргээн засварлаж, хадгалж хамгаалах нарийн мэргэжилтэн дутмаг байгаа тул соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологичийн мэргэжил маш эрэлттэй байдаг байна. Уг мэргэжлээр өнгөрсөн оноос эхлэн бакалаврын боловсрол олгож эхэлсэн бөгөөд ердөө хоёр оюутан элсэн суралцаж байсан бол энэ хичээлийн жилд 10 оюутан шинээр элсэн оржээ.

Зөвхөн археологийн малтлагаар л гэхэд манай улсад жилд дунджаар 150-200 гаруй олдвор илэрдэг. Тэгвэл улсын хэмжээнд ердөө 20 мэргэжилтэн ажилладаг бөгөөд нэг мэргэжилтэн 20 гаруй археологийн олдворыг судалж шинжлэн, сэргээн засварлаж, хадгалалт хамгаалалтын судалгааг хийх шаардлагатай болж байгаа юм. Нэг олдворын сэргээн засварлалтын үйл ажиллагаанд дор хаяж 3-4 сарыг зарцуулдаг байна.

Тэгвэл энэ салбарын хүний нөөцийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн ШУТИС-ийн Механик тээврийн сургуульд 2023 оны 1-р сараас эхлэн анх удаа соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологи гэх мэргэжлээр бакалаврын хөтөлбөр явуулж эхэлсэн. Мөн Засгийн газраас тус мэргэжлийн хамгийн эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулж, тэтгэлэг олгохоор зарласан. Тэгвэл эхний жилд тус мэргэжлээр хоёр оюутан элсэн суралцаж байсан бол энэ хичээлийн жилд 10 гаруй оюутан элсэн оржээ.

Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын мэргэжилтэн бэлтгэх болон чадавхжуулах төслийг 2020 оноос эхлэн БНСУ-тай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсын санхүүжилтээр оюутнууд суралцах боломж бүхий “Органик бус соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” болон “Соёлын өвийн дижитал судалгаа” хийх 2 лабораторийг тохижуулж мөн мэргэжлийн багш нараа манай улсад ажиллуулж байгаа юм. Тиймээс ирээдүйд энэ мэргэжлээр төгсөх мэргэжилтнүүд олон улсын стандарт хангасан төхөөрөмжүүд дээр практик дадлага хийж, мэргэших бүрэн боломжтой юм байна. Мөн сургалт 3+1 хөтөлбөрөөр хэрэгждэг учраас 3 жил Монголдоо сурсны дараагаар нэг жил БНСУ-д суралцах юм байна.

Хадгалалт хамгаалалтын мэргэжилтэн, эрдэмтэд археологийн малтлагаар илэрсэн олдвор болон музейн түүхэн үзмэрүүдийн эвдрэл гэмтлийг засах, урт хугацааны хадгалалт хамгаалалтын судалгааг хийх үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь алсдаа үндэстний нэгдмэл байдал, өв соёлоо хадгалан хамгаалахад чухал үүрэг бүхий мэргэжил юм.

ШУТИС уг мэргэжлээр нэг хичээлийн жилд 25 оюутан сургах нөөцтэй, суралцахыг хүссэн хүн Засгийн газрын боловсролын зээлийн санд хамрагдах боломжтой байна. Мөн Соёлын яамнаас цаашид энэ мэргэжлийн ажлын байрыг нэмэгдүүлэх талаар мэдээлсэн юм.