Автобусны шинэ чиглэлээр иргэд 2-3 автобус дамжиж, хотын төв рүү ажил, сургуульдаа ирэх болж байна

Нийслэлд одоогийн төлөвлөлтөөр нийтийн тээврийн 1000 орчим автобус нийт 110 чиглэлд явдаг байна. Тэгвэл 1-р сарын 20-ны өдрөөс эхлэн 1075 автобус нийт 74 чиглэлд үйлчилгээнд явах юм байна. Шинэ маршрутаар уртын чиглэл ердөө 6 байгаа бөгөөд бусад чиглэлд богино эргэлтийн автобус явах юм. Мөн автобусаар зорчих үнэ тарифыг ч 1-р сарын 20-оос өмнө эцэслэн батлахаар байна.

Автобусны чиглэлийг 1-р сарын 20-ний өдрөөс эхлэн бүхэлд нь өөрчилж байгаа. Одоогийн нийтийн тээврийн чиглэлийн энэхүү зургаас харвал уртын чиглэл их байгаа юм. Тэгвэл шинэ төлөвлөлтөөр ердөө 6 л уртын чиглэл байхаар байна. Жишээлбэл, Нисэх-Яармагаас хотын төв рүү ажилдаа ирдэг бол М:3 гэсэн нэг л чиглэлийн автобусаар зорчих бөгөөд эцсийн зогсоол нь Сүхбаатарын талбай юм. Харин үлдсэн Нисэх, Яармагийн чиглэлийн автобуснууд нь богино эргэлтээр үйлчилгээнд явна гэсэн үг. Ерөнхийдөө шинэ чиглэлээр бол тухайн иргэн хотын захаас төв рүү суух уртын чиглэлийн автобусанд багтахгүй бол 3-4 автобус дамжиж ирэх болж байгаа юм.

Автобусны шинэ чиглэлээр богино эргэлтийн автобус уртын чиглэлд явж байгаа автобуснаасаа олон болж байгаа. Манай хот шиг замын түгжрэлтэй улсад богино эргэлтийн автобусыг олноор нь явуулах юм бол замын ачаалал улам нэмэгдэх магадлалтайг иргэд шүүмжилж байна. Мөн иргэд 2-3 дамжиж суух нь хүндрэлтэй гэдгийг ч хэлж байна.  

Тэгвэл автобусны шинэ чиглэлийн төлөвлөлтийг гаргахдаа автобус хүлээлтийн хугацааг багасгаж мөн түгжрэлийг ч бууруулна гэж тооцоолсон байна.

Автобусны чиглэлийн шинэ төлөвлөлтөөр орхигдсон чиглэлүүд байгаа бол иргэдийн санал хүсэлтэд үндэслэн цаашид засаж, сайжруулах талаар Нийслэлийн нийтийн тээврээс мэдээлж байгаа юм. Мөн нийтийн тээврээр зорчих үнэ тарифын хувьд эцэслэн батлагдаагүй байгаа буюу одоогоор 4 санал гараад байгаа юм байна. Үүний нэг нь өдрийн турш иргэд 1000 төгрөгөөр 4 удаа үнэгүй зорчих мөн одоогоор үнэгүй зорчдог иргэд буюу ахмадууд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өдөрт 4 удаа үнэгүй зорчдог болгож хязгаарлалт тогтоохоор төлөвлөсөн байна.