Тус улсын ерөнхийлөгч асан Дональд Трамп Айова мужийн Бүгд Найрамдах намын гишүүдийг хамруулсан санал хураалтад ялалт байгуулжээ
Энэ жил болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчийг тодруулах үндэсний хэмжээний анхны муж улсын санал хураалт Мягмар гарагт боллоо.  Тэгвэл тус улсын ерөнхийлөгч асан Дональд Трамп Айова мужийн Бүгд Найрамдах намын гишүүдийг хамруулсан санал хураалтад ялалт байгуулжээ.

Ирэх 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчийг тодруулах санал хураалт Айова мужаас эхэллээ. Мягмар гарагт Айова мужид оршин суудаг Бүгд Найрамдах намын гишүүд өөрийн намаас Доналд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүсэлтэй байгааг санал хураалтын үр дүн харуулжээ. Энэ нь тус улсын ерөнхийлөгч асан Дональд Трамп Айова мужид болсон Бүгд Найрамдах намын гишүүдийг хамруулсан санал хураалтад ялалт байгуулсныг илэрхийлж байгаа юм.

Доналд Трамп намын дэмжигчидтэйгээ уулзаж, өөрт санал өгөхийг уриалж, АНУ-ын түүхэн дэх хамгийн чухал ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж, ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа гэдгээ хэлж байсан юм.

АНУ-ын Ардчилсан болон Бүгд Найрамдах намын гишүүд ирэх 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын тулд эхлээд нам дотроо сунгаа явуулдаг.  Тэгвэл Мягмар гарагт Айова мужийн Бүгд Найрамдахчууд салхийг хагалж сонголтоо хийсэн байна. Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд НҮБ-д суух АНУ-ын элчин сайд асан Никки Хейли, Флорида мужийн амбан захирагч Рон Десантис, Доналд Трамп нар багтжээ.

Д.Трамп Капитолын ордныг булаан эзлэх гэж оролдсон зэрэг дөрвөн өөр хэрэгт буруутгагдаад байгаа. Мөн муж улсад түүнийг нам доторх сунгаанд оролцох эрхгүй гэж үзэн, хууль эрх зүйн хүрээнд эрхийг нь түдгэлзүүлэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Гэсэн хэдий ч Айова муж улсын Бүгд Найрамдах нам доторх сунгааны үр дүнгээс харахад Д.Трамп намынхаа бусад горилогчдоос өндөр саналыг авч, ялалт байгууллаа. Энэ нь түүнд тулгарсан хууль эрх зүйн асуудал нэр хүндэд нь огт нөлөөлөөгүй. Харин ч сонгуулийнх нь кампанит ажилд дэмжлэг үзүүлснийг илтгэж байна. Тэгвэл ирэх долоо хоногт АНУ-ын Нью-Хэмпшир мужид Бүгд Найрамдахын намын горилогчийг тодруулах санал хураалт зохион байгуулагдах тухай Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.