Хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж байгаа энэ чухал үед ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Чо Сон Хуйтай Москва хотод уулзсан байна. Тэд Мягмар гарагт Кремлийн ордонд нийтлэг ашиг сонирхлын асуудлаар хэлэлцсэнийг Оросын дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.
Кремлийн ордонд болсон уг хэлэлцээнд ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, тус улсын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хамтаар оролцсон байна.
Мөн өдрийн үдээс өмнө Умард Солонгосын Гадаад Хэргийн сайд Чо Сон Хуй болон ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров нар уулзаж, хоёр улсын цэрэг арми, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Хэдийгээр хоёр улсын Гадаад Хэргийн сайд уулзалтынхаа үр дүнг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд танилцуулсан ч уулзалтын үр дүнгийн талаар нарийн мэдээллийг хэвлэлд өгөхөөс татгалзжээ.
Тэгвэл Мягмар гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Умард Солонгост хийх төрийн айлчлалын урилгыг хүлээн авсан бөгөөд шаардлагатай үед ерөнхийлөгч Пёньян хотод айлчлах болно гэдгийг онцолсон байна.
ОХУ-ын зэвсэгт хүчин Украины газар нутагт агаарын цохилт өгөхдөө Умард Солонгосын баллистик пуужинг ашиглаж байгаа нь нотлогдсон юм. Тиймээс ч тус хоёр улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд Мягмар гарагт зэр зэвсгийн нийлүүлэлтийн асуудлаар хэлэлцээ өрнүүлсэн гэж шинжээчид таамаглаж байна.