Өчигдөр УИХ-ын Чуулганы хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр тус компанийн 2022 оны ногдол ашгийг нэг хүнд 120 орчим мянган төгрөг байхаар тооцоолж, цагаан сараас өмнө хувьцаа эзэмшигчдэд хүртээх боломж бүрдэж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэллээ. Гэсэн хэдий ч ногдол ашиг тараах эсэхийг тус компанийн ТУЗ-ийн хуралдаанаар шийдэх юм байна
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төсөлд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэнд хувьцаа эзэмшүүлэхээр тусгагдсан. Ингэснээр нийт 1 сая гаруй иргэн “ЭТТ” ХК-ийн 1072 хувьцааг эзэмших боломжтой боллоо. Уг тогтоолын төсөлд ногдол ашиг хуваарилах заалт тусгагдаагүй юм. Харин УИХ-ын дийлэнх гишүүдийн зүгээс хуульд заасны дагуу компани ашигтай ажилласан бол инфляцыг өдөөхгүйгээр иргэдэд ногдол ашгийг олгох шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Тэгвэл өнгөрөгч 2023 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК 3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан тул нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шаардлагатай болж байгаа юм. Ингэснээр 2023 оны ашгаас тооцоолоход нэг иргэнд дунджаар 230 гаруй мянган төгрөг хуваарилагдах боломжтой юм байна. Харин 2022 оны ногдол ашгийг нэг хүнд 120 орчим мянган төгрөг ногдохоор тооцож, хуваарилах боломж бүрдэж байгааг албаны хүн хэлж байна.
Ийнхүү өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн тогтоолын төслийг баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс цаашид тус компанийн засаглалыг сайжруулан, ард түмний хяналтад оруулж үндсэн хуулийн үзэл санааг биелүүлэх шаардлагатайг санууллаа.