Зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 84 гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн заалт мөрдөгддөг

Улсын хэмжээнд гэмт хэргийн улмаас жилдээ 40 орчим мянган хүн хохирдгоос 10 орчим мянган тохиолдлыг сэтгэл санааны хохирол эзэлдэг гэж үздэг байна. Гэвч эрх зүйн хүрээнд хохирогчийн сэтгэл санааны болоод сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх асуудлыг шийдэж чаддаггүй байсаар өнөөг хүрчээ. Харин өнгөрөгч 2023 оны 7-р сараас эхлэн мөрдөгдсөн шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тооцон олгож байхаар зааж өгчээ. Энэ хуулийн заалт нь зөвхөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 84 гэмт хэрэгт мөрдөгдөх юм байна.

1-р сарын 16-ны өдөр нохойгоо хөтөлж явсан өсвөр насны охиныг насанд хүрсэн эрэгтэй хүн өшиглөж байгаа бичлэг цахим орчинд тархаж иргэдийг багагүй бухимдуулсан. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, охины биед халдсан иргэнийг 300 мянган төгрөгөөр торгосон байна. Гэвч зарим иргэдийн зүгээс энэ хэрэгт өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй эмзэг учраас сэтгэл санааны хохирлыг ч мөн нөхөн төлүүлэхийг шаардаж байсан юм. Тэгвэл манай улсад зөрчлийн хэрэгт сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин байдаггүй. Харин эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 84 гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн заалт өнгөрөгч оны 7-р сараас эхлэн хэрэгжиж эхэлжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад сэтгэл санааны хохирол буюу хуульд заасан нэршлээр сэтгэцийн эмгэгийг дараах 5 зэрэглэлд авч үзэн учирсан хор уршгийг тодорхойлж нөхөн төлөх мөнгөн дүнгийн хэмжээг зааж өгчээ.

  • Тавдугаар зэрэглэл - Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу мэргэжлийн хөдөлмөрийн чадвар тогтонги их хэмжээгээр буюу 35%-100% алдагдсанаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 - 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл
  • Дөрөвдүгээр зэрэглэл - Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл
  • Гуравдугаар зэрэглэл - Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл
  • Хоёрдугаар зэрэглэлд  - Хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл
  • Нэгдүгээр зэрэглэл - Биед гэмтэл учраагүй зөвхөн сэтгэцэд үүссэн бага зэргийн эмгэгт - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл мөнгөн дүнгээр нөхөн төлбөр олгохоор зохицуулжээ

Ингэхдээ эрх бүхий этгээдүүдийн шийдвэрээр шинжээч томилогдон хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тогтоох юм байна. Харин хүний амь үрэгдсэн тохиолдолд шууд нөхөн төлбөр олгохоор хуульд заажээ.

Хохирогч өөрийн сэтгэл санааны хохирлоо шийдүүлж, нөхөн төлбөр авахын тулд заавал хэрэг хариуцсан мөрдөн байцаагчдаа хандах шаардлагатай байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар мөрдөгдөж эхэлсэн хохирогчийн сэтгэл санаа, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож, нөхөн төлбөр олгох зохицуулалт нь манай улсад анх удаа хэрэгжиж байна. Харин цаашид олон улсын жишгээр зөвхөн гэмт хэрэг гэлтгүй бусад зөрчлийн шинжтэй хэргүүдэд ч мөн хүний сэтгэл санааны хохирлыг тогтоох шаардлагатай байгааг судлаачид хэлж байсан юм.