Өнгөрсөн хавар боловсролын салбарт нэр бүхий төрийн албан тушаалтнууд болон тэдний хүүхдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад суралцсан, үндэслэлгүй чөлөөлөгдсөн зэрэг зөрчлийн асуудал нийтэд ил болсон. Тиймээс АТГ болон ЦЕГ-аас ажлын хэсэг гарч тус сантай холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байгаа. БЗС-аас авсан зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг хүргэе.
- БЗС-ийн гадаадын зээл болон тэтгэлгийн хөтөлбөрт 1997 оноос хойш нийт 3000 гаруй иргэн хамрагджээ. Тэдгээрийн дийлэнх нь буюу 2349 нь зээлийн хөтөлбөрт хамрагдаж, гадаад улс оронд суралцсан иргэд байна.
- 2023 онд боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудал гарснаар гадаадад суралцсан иргэдийн зээлийн эргэн төлөлт нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өмнө нь жилдээ 100-200 орчим сая төгрөгийн эргэн төлөлт хийгддэг байсан бол 2023 онд нийтдээ 4.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ.
- Түүнчлэн 2023 онд гадаад улсад суралцсан 35 хүн нэг дор 100 хувийн эргэн төлөлтөө хийсэн байна.
- БЗС-ийн зээлээр гадаад улсад суралцсан 941 хүний зээлийг тус салбарын 8 сайдын бүрэн эрхийн хугацаанд чөлөөлсөн байдаг байна.
Өнгөрсөн хавар боловсролын зээлийн сангаас зээл авч гадаад улсад сурсан иргэдийн мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй болгосон. Түүнчлэн БЗС-аас гадаад улсад зээл авч суралцах гэж буй иргэдийн сонгон шалгаруулалтыг илүү ил тод нээлттэй болгосон зэрэг дүрэм журамд өөрчлөлтийг оруулсан билээ. Гэхдээ цаашид ч тус сангийн үйл ажиллагааг нийтэд хүртээмжтэй болгох, хууль бусаар хэн нэгэн зээлээ тэглүүлэх боломжийг хязгаарлах зэрэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй талаар Харвардын бизнесийн сургуулийн төгсөгч О.Батнайрамдал тайлбарлаж байсан юм.
Тэгвэл БЗС-ийн үйл ажиллагааг сайжруулах, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байлгахын тулд хүний оролцоог багасгаж бүрэн цахимжуулах талаар бэлтгэн ажиллаж байгаа юм байна.
БЗС-ийн гадаад зээлийн эргэн төлөлт 2020 онд 67.384 ам.доллар, 2021 онд 198.237 ам.доллар, 2022 онд 252.546 ам.доллар харин өнгөрсөн онд буюу 2023 онд 1 сая 171 мянган ам.долларын эргэн төлөлт хийгдсэн байна.