Сингапурын Тээврийн сайд Исваран гэгч нь Формула 1-ийн цуврал уралдааныг Сингапурт зохион байгуулагдаж эхлэх үед улсынхаа аялал жуулчлалын салбарыг удирдаж байсан гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм. Тэрээр Сингапурын Тээврийн сайдын албан тушаалаас огцорч буйгаа өнгөрөгч Пүрэв гарагт мэдэгдсэн байна. Тус улсын дотоодын хэвлэлүүдээр тээврийн сайдын холбогдсон авлигын хэргийн тухай нийтлэлүүдээр дүүрчээ. Тээврийн сайд Исваран тус улсын томоохон бизнес эрхлэгч, үл хөдлөх хөрөнгийн салбарын Магнат Он Бенг Сэнг-ийн бизнесийн ашиг сонирхлыг хангах, нийцүүлэхийн тулд 150 мянган америк.долларын өртөг бүхий үнэт эдлэл, аяллын эрх, Гран-При тэмцээнийг дээд зэрэглэлийн суудлаас үзэх тасалбар зэргийг хээл хахууль болгон авсан байж магадгүй байна. Сингапурын прокурорын байгууллагаас уг хэргийг хянан шалгаад, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд илгээсэн байна.
Мөн түүнийг Вест Эндийн мюзикл, хөл бөмбөгийн ДАШТ-ий тоглолтын тасалбар авсан гэж буруутгаж байгааг баримт бичигт өгүүлсэн байна. 2023 онд хуулийн байгууллагаас авлига өгсөн болон авсан талуудыг бүгдийг нь саатуулж, байцаалт мэдүүлэг авч эхэлсэн байна. Гэхдээ Сингапурын Тээврийн сайдад их хэмжээний хээл хахууль бэлэн мөнгө өгсөн хүмүүс нь Он Бенг Сэн болон өөр хоёр хүн байгаа гэдгийг эх сурвалжууд хэлжээ. Пүрэв гарагт Исвараны Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунд илгээсэн огцрох захидалд “Гэм буруугүй бөгөөд гүтгэгдсэн” гэж бичсэн байжээ. Мөн тээврийн сайд өнгөрсөн 7-р сараас эхлэн хуулийн байгууллагад шалгагдаж эхэлснээсээ хойш авсан цалин тэтгэмжээ буцааж өгөхөө мэдэгдсэн байна. Тэрээр сар бүр 20 мянган америк.долларын цалин хангамж авдаг байжээ. Сингапурын хууль тогтоогчид нь дэлхий дахинд хамгийн өндөр цалин хангамж авдаг гэж тооцогддог бөгөөд тус улсын засгийн газрын сайд нар туршлагаасаа хамаарч багадаа 20 мянга болон түүнээс дээш америк.долларын цалин хангамж авдаг байна. Сингапурын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнууд авлигын хэргийг сайтар шалгахыг уриалж, тээврийн сайдыг шалгаж эхэлсэн үйлдлийг сайшаажээ.