Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ барууны улс орны удирдагчдыг үнэт зүйлсээсээ татгалзаж байна гэж буруутгажээ
Өнгөрсөн Лхагва гарагт Аргентины либертари үзэлтэй ерөнхийлөгч Хавьер Милей энэ албан тушаалд очсоны дараах анхны олон улсын чанартай чуулга уулзалтад оролцож илтгэл тавьсан байна. Тэрээр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ барууны улс орны удирдагчдыг үнэт зүйлсээсээ татгалзаж байна гэж буруутгажээ.

Швейцерийн Давос хотноо үргэлжилж байгаа дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей оролцож, илтгэл тавьсан нь олны анхаарлыг татсан байна. Гэхдээ тэрээр Өрнөдийн улс орнуудын удирдагчдыг ардчиллын үнэт зүйлсээсээ татгалзаж байгаа гэж буруутгаад, “Би та бүхэнд барууны ертөнцөд аюул нүүрлэснийг хэлэхээр энд ирлээ. Учир нь барууны үнэт зүйлсийг хамгаалах ёстой хүмүүс нь социализм руу чиглэж, улмаар ядууралд хүргэдэг ертөнцийг үзэх үзэл буюу социализмд бүрэн автсан байна” хэмээн мэдэгдсэн байна.

Олон улсын хамтын нийгэмлэг, хүний эрхийн байгууллагуудыг нэгтгэдэг үзэл баримтлал нь бүхэлдээ зүүн талдаа буюу социализм бүтээх эрмэлзэлтэй улс төрчдийн кампанит ажлын нэг хэсэг болсныг Хавьер Миллей шүүмжилжээ. Өөрийгөө Анархо-Капиталист гэж нэрлэсэн эдийн засгийн шинжээч, Аргентины ерөнхийлөгч Миллей өмнөд америкийн хоёр дахь том эдийн засаг бүхий улсын сүүлийн 20 жилийн санхүүгийн хямралыг шийдвэрлэнэ хэмээх кампанит ажлыг явуулсны хүчинд төрийн эрхэнд гарсан юм.

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей хүний эрх, феминизм, эрх тэгш байдал, даян дэлхийн энх тайван зэрэг нь зүүний үзэлтнүүдийн тархи угаалт гэдгийг онцолсон байна. Тэгвэл улс үндэстэн бүр өөрийн дотоодын асуудалд анхаарлаа хандуулж, хувь хүний эрх чөлөөг дээдэлж, эдийн засгаа чөлөөлж, харилцан ашигтай худалдаа наймаа эрхэлж, хамтдаа хөгжин дэвших түүний санал санаачилгыг Илон Маск тэргүүтэй дэлхийн чинээлэг эрхмүүд сайшаасныг хэвлэлүүд онцолжээ. Хавьер Милей өмнөх Засгийн газрын халамжийн бодлогыг бүхэлд нь цуцлах зоригтой шийдвэр гарган, төсвийн хэмнэлтийн горимд шилжиж, төрийн бүтцийг цомхотгох төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлж эхэлсэн нь эхнээсээ үр дүнгээ өгөөд байгаа юм.

Саяхан ОУВС Аргентин улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Түүнчлэн үндэстэн дамнасан корпорац, аж ахуйн нэгжүүд ч аргентины экспортын гарцыг нэмэгдүүлэхэд түлхэц нөлөө үзүүлэхээ  Давосын чуулганы үеэр мэдэгдсэн байна.