Мөсөн морин хуурыг Норвегийн олон улсын мөсний наадамд оролцуулна

Олон улсын жуулчдыг татах зорилготой Мазаалай наадамд Монгол урлаачид үндэсний морин хуур хөгжмийг мөсөөр урлан эгшиглүүлжээ. Мөсөн морин хуурыг хөгжим урлаач С.Баярсүрэн өөрийн багийн хамтаар 5 өдрийн дотор бүтээсэн байна.  Мөс дуу дамжуулах өндөр чадвартай учир мөсөөр хийсэн морин хуур нь уламжлалт хууртай адил дуугаралттай болдог байна.

Анх 2016 онд мөсөөр морин хуур бүтээх санааг урлаач С.Баярсүрэн гаргаж, тухайн ондоо 2 хуурыг хийж байжээ. Харин энэ жил Мазаалай олон улсын мөсний наадамд морин хуурын дөрвөл хөгжмийг мөсөөр урлаж, эгшиглүүлсэн байна.

Модоор морин хуур урлах, мөсөөр морин хуур хийх хоёр нь өөр ертөнц гэдгийг урлаач онцолж байлаа. Мод нь бат бөх чанартай байдаг мөс нь хэт хэврэг учраас нэг л алдаж зорвол дахин эхлэхээс өөр аргагүй байна.

Мөсөн морин хуурыг Мазаалай наадамд зориулж бүтээсэн ч цаашид олон улсад таниулах төлөвлөгөөтэй байна. Норвеги улсад жил бүр олон улсын мөсөн урлаачдын наадам болдог бөгөөд тухайн наадамд зориулалтын хөргүүрээр мөсөн хуураа авч очин олон улсад үндэсний урлагаа таниулах томоохон зорилго тавьжээ.

Дэлхийн улсуудад жуулчдын анхаарлыг татах зорилгоор мөсөн хөгжмийг олноор бүтээж, өвлийн арга хэмжээнүүдэд эгшиглүүлдэг байна. Энэ ч жишгээр манай улсад ийнхүү мөсөөр морин хуур урлаж, жуулчдын сонирхлыг татахаас гадна өв уламжлалаа сонирхолтой байдлаар таниулах боломж нээгдэж байна.