ҮСХ-оос 2023 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд манай улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт эерэг байсан хэдий ч хөдөлмөр эрхлэлт, ядуурлын түвшин, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үзүүлэлт төдийлөн сайжраагүй байгаа юм. ҮСХ-оос нэгтгэн гаргасан 2023 оны нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтийг танилцуулья.
- Нэн түрүүнд манай улсын төсвийн нийт орлого 2023 онд 24.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 31 орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
- Өнгөрсөн онд экспорт өмнөх оны мөн үеэс 21 орчим хувиар өсөж, гадаад худалдаа ашигтай гарсан зэрэг макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирсан хэдий ч иргэдийн амьжиргаа төдийлөн дээшлээгүй гэж үзжээ.
- Тухайлбал, бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны 12-р сард 7.9 хувийн өсөлттэй байсан юм. Үүн дотроо иргэдийн гол хэрэглээ болох мах, сүү, гурилын үнэ хурдацтай нэмэгдсэн үзүүлэлттэй байжээ.
- Мөн манай улсаас гадаад улсыг зорьж хөдөлмөр эрхлэхээр 262 иргэн зуучлагдсан нь өмнөх улирлаасаа 51.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс гадна манай улсад ажилладаг гадаад иргэдийн тоо 6.5 мянга болж, өмнөх улирлаас 47 хувиар буурсан байна.
Энэ онд бараа бүтээгдэхүүний үнэ ахин хурдацтайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Учир нь 2024 оны улсын төсвийг 5 их наяд гаруй төгрөгөөр нэмж баталсан нь инфляцыг 5 хувиар нэмж өсгөх магадлалтай байгааг Үндэсний Статистикийн хорооноос хэлж байна. Мөн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд мах, сүү, гурил зэрэг иргэдийн хэрэглээний үндсэн бүтээгдэхүүнүүдийн үнэ хурдацтай нэмэгдэж байгаа нь голлон нөлөөлөөд байна. Нөөцийн мах, хөнгөлөлттэй зээл зэрэг нь бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөдлөөс урьдчилан сэргийлж авч байгаа арга хэмжээг боловч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.
Хэдийгээр иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, бэлэн мөнгө тараах зэрэг нь тэрхэн үедээ иргэдийн амьжиргаанд нэмэртэй мэт боловч энэ нь эргээд бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлдэг. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээ татварын бодлогоор дэмжих зэрэг урт хугацаандаа иргэдийн амьжиргаанд нөлөөлөхүйц бодлого барьж ажиллах нь зөв гэж ҮСХ-оос тайлбарлаж байгаа юм.
Өнгөрсөн 2023 онд талх, гурил, будааны үнэ гэхэд л 14.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хэдий Монголбанкны зүгээс бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулахын тулд мөнгөний хатуу бодлого барьж байгаа ч энэ нь эргээд бизнесийн байгууллагын зээлдээ сөргөөр нөлөөлж эхлэх магадлалтай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.