Агаар бохирдуулагч бодисуудын агууламж ихэссэн нь ургийн жин буурахад нөлөөлж байна
Сүүлийн жилүүдэд агаар орчны  бохирдлоос үүдэлтэй ургийн эндэгдэл ихэссэн гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал агаар орчны бохирдол болон утаанаас, тэр дундаа агаар дахь хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, тоосонцроос үүдэн эхийн хэвлий дэх ургийн жин буурч, эрхтэн тогтолцоо нь гэмтэх, улмаар эндэх эрсдэл ч нэмэгддэг болох нь  АШУҮИС-ийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоогджээ.

Манай улсын иргэд жилийн 365 хоногийн талыг нь буюу 150 гаруй хоногийг утаан дунд өнгөрүүлдэг бол зун, хавар, намар гээд 7 сар орчмыг бүтээн байгуулалтын, тоосжилт ихтэй орчинд өнгөрүүлдэг. Уг нь монгол улсын үндсэн хуульд  иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх эхийн хэвлийд ураг байхаасаа л зөрчигдөж байгааг албаныхан хэлж байна.

Тухайлбал Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч бодисуудын ихэссэн агууламж нь ургийн жинг бууруулахад нөлөөлж байгааг АШУҮИС-ийн эрдэмтэд хийсэн судалгаагаараа нотолжээ. Агаар бохирдуулагч бодисууд нь нярайн жинг төрөх үеийн жингээс дунджаар 138 граммаар бууруулдаг байна. Мөн жирэмсний тээлтийн дунд болон сүүлийн гурван сард том ширхэгт тоосонцор ба хүхрийн давхар ислийн агууламж нь дутуу төрөх эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлснээр жирэмсэн эх 26-30 долоо хоногтойдоо дутуу төрдөг байна. Түүнчлэн жирэмсний тээлтийн эхний гурван сард том ширхэгт тоосонцрын болон азотын давхар ислийн агууламж хүлцэх хэмжээнээс ихсэхэд ураг амьгүй төрөх эрсдэлтэй болдог байна. Манай улсад бага жинтэй нярай өвлийн улиралд хамгийн ихээр төрсөн бол хавар цагт дутуу төрөлт ихсэх хандлагатай байгааг судалгааны тайланд дурджээ. 

Ургийн жин алдагдсанаар хүүхдийн зүрхний цохилт удаашрах, эрхтэн тогтолцоо доголдох зэрэг ноцтой эрсдэл үүсэж, улмаар амиа алдах нөхцөлд ч хүрдэг байна. НҮБ-ын хүүхдийн сангийн судалгаагаар монгол улсад жилд 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардгийн 240 нь тав хүртэлх насны хүүхэд байна. Улсын хэмжээнд 1000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдлыг харахад 2014-2017 онд энэ үзүүлэлт тасралтгүй өссөн байна. Тухайлбал 2014 онд 21 байсан бол 2017 онд 79 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин элбэг тохиолддог байна. Хэрэв асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал Монгол улсын хүн амын тал хувь амьсгалын замын болон бусад эмгэгээр өвчлөх эрсдэл маш өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.