“Хамас” зэвсэгт байгууллага 10-р сарын 7-нд Израил руу хийсэн халдлага нь алдаа байсныг анх удаа мэдэгджээ

Ням гарагт Палестины “Хамас” зэвсэгт байгууллагын зүгээс өнгөрсөн 10-р сарын 7-ны өдөр Израилын нутаг дэвсгэрт үйлдсэн халдлага нь алдаа байсныг мэдэгдсэн байна. Гэхдээ “Хамас” байгууллага зөвхөн Израилын арми болон зэвсэг тээвэрлэж явсан том ачааны машинуудыг онилон агаарын цохилт өгсөн болов ч нөхцөл байдал тэдний тооцоолсноос нь өөрөөр эргэснийг анх удаа хүлээн зөвшөөрчээ.

“Хамас” зэвсэгт байгууллага Ойрх Дорнодын бүс нутагт мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа “Бидний өгүүлэмж” нэртэй 16 хуудас бүхий тайланг нийтэлсэн байна. Газын зурваст хяналтаа тогтоосон “Хамас” зэвсэг байгууллага нь “Аль-Акса Үер” хэмээх гэнэтийн халдлагынхаа суурь нөхцөл, динамикийг тайландаа тодруулсан байна.

“Хамас” зэвсэгт байгууллага өнгөрсөн 10-р сарын 7-ны өдөр мөргөлдөөн эхэлснээс хойш нийтэлсэн анхны тайландаа гэнэтийн халдлага нь "Палестины ард түмний эсрэг Израилын бүх хуйвалдаантай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай алхам бөгөөд хэвийн хариу үйлдэл" гэдгийг онцолсон байна.

10-р сарын 7-ны өдөр “Хамас” Израилын газар нутагт агаарын цохилт, өгч бүс нутгийн 200 гаруй оршин суугчийг олзолсноор газын зурваст олон мянган үхэл хагацал дагуулсан дайн, зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм.

“Хамас” бүлэглэлийн гэнэтийн халдлагын уршгаар Израилын 1200 гаруй энгийн номхон иргэн амиа алдаж, 100 гаруй хүн барьцаанд үлдсэн бол Израилын хариу пуужингийн довтолгоо, хуурай замын ажиллагааны улмаас Палестины 25 мянга гаруй иргэн амь үрэгдсэнийг Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.

11-р сарын сүүлээр дайтагч талууд долоо хоног үргэлжилсэн эвлэрлийн гэрээг байгуулж, хоригдлууд болон олзны иргэдээ солилцсон юм. “Хамас” зэвсэгт байгууллагын нийтэлсэн тайланд Израилын энгийн номхон иргэдэд хохирол учруулсан нь цэвэр тэдний алдаа байсан төдийгүй Израилын шоронд хоригдож байгаа Палестин хоригдлуудыг суллахын тулд 10-р сард халдлага үйлдэхээс өөр аргагүй байсныг удаа дараа мэдэгдсэн байна. Өнгөрсөн бямба гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестины тусгаар тогтнолыг эсэргүүцсэн байр сууриа дахин илэрхийлснээс хойш нэг өдрийн дараа “Хамас” зэвсэгт байгууллага анхны тайлангаа олон нийтэд танилцуулжээ. “Хамас” бүлэглэл тайландаа "Палестины ард түмэн ирээдүйгээ өөрсдөө шийдэж, дотоод асуудлаа зохицуулах чадвартай гэдгийг онцлон тэмдэглэжээ".