Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин Украины дайныг шүүмжилсэн “Хэсэг бүлэг хүмүүс” буюу өөрийн улсын зарим иргэдийн өмч хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсныг мэдээлжээ. Энэ долоо хоногт тэрээр тус хуулийн төслийг Төрийн Думд өргөн барих төлөвтэй байна.
ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин Украины дайныг шүүмжилсэн өөрийн улсын иргэдийн өмч хөрөнгийг төр хураан авах эрх мэдлийг олгох хуулийн төслийг өргөн барих төлөвтэй байна. Өнгөрсөн бямба гарагт Вячеслав Володин “ОХУ-ыг устгах гэж оролдсон, урвасан хэн бүхэн зохих шийтгэлээ авч, төрдөө учруулсан хохирлоо эд хөрөнгөөрөө нөхөн төлөх ёстой” хэмээн хэвлэлд ярьсан байна. Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал ОХУ доторх аливаа эсэргүүцлийн арга хэмжээг боомилох зорилготой хатуу арга хэмжээнүүдийн хамгийн сүүлийнх нь болох юм.
Дээрх хуулийн төслийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө батлах гэж улайрч байгаа явдал нь Владамир Путины мастер төлөвлөгөөний нэг хэсэг гэж шинжээчид үзэж байна. ОХУ-ын зэвсэгт хүчний багадаа 100 мянга гаруй алба хаагч Украины дайнд амиа алдаж, олон мянган цэрэг хүндээр шархдаж хөдөлмөрийн чадвараа алдсан Ч Путины цэргийн тусгай ажиллагаанд ахиц дэвшил огт гараагүй байгаа юм. В.Путины бүтэлгүйтэл цаг хугацаа өнгөрөх тусам дотоодын эсэргүүцэл, сорилттой нүүр тулж байгааг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Украинд үүрэг гүйцэтгэж байгаа орос цэргүүдийн эхнэр, ээж нар, ар гэрийнхэн ойр дотно хүмүүсээ цэргээс чөлөөлөхийг шаардсан жагсаалыг зохион байгуулсан ч ОХУ-ын хууль тогтоогчид олныг хамрахаас нь өмнө хүч хэрэглэн тараасаар байна.
2022 оны 2-р сард Украины дайн эхэлснээс хойш ердөө 14 хоногийн дараа В.Путин Оросын зэвсэгт хүчин болон цэргийн тусгай ажиллагаа хэмээх түрэмгийллийг нь шүүмжилсэн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн төсөлд гарын үсэг зурсан юм. Хуулийг үл тоомсорлож дайныг шүүмжилсэн хүмүүс 15 жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг болсон. Дээрх хуулийн төсөл албажиж эхэлснээс хойш ОХУ-ын 350 гаруй иргэн яллагдаж, хорих ялаар шийтгүүлээд байна. Мөн өнгөрсөн жил В.Путин “Эх орноосоо урвасан” хэргийн ялын дээд хэмжээг нэмэгдүүлж, бүх насаар нь шоронд хорих болгон өөрчилсөн байдаг. Түүнчлэн 2023 онд ЗХУ задран унаснаас хойш ОХУ-ын хууль тогтоогчид анх удаа эх орноосоо урвасан хэргүүдэд ял оноож, ахлах ангийн сурагчийг хүртэл шийтгэсэн тохиолдол бүртгэгдсэн байна.