Амралтын өдрүүдээр хэрэгжиж эхэлсэн нийтийн тээврийн шинэ чиглэлтэй холбоотойгоор нийслэлийн удирдлагуудад иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсэн байна. Тиймээс Ням гаргийн орой нийтийн тээврийн чиглэлийг ахин өөрчилжээ. Тухайлбал, хуучин явж байсан зарим чиглэлийг эргэн сэргээсэн бол зарим шинэ чиглэлийг хэвээр үлдээжээ.
- Нийтийн тээврийн хуучин явж байсан 71 чиглэлийг эргэн сэргээжээ. Энэ чиглэлүүдэд нийт 450 автобус үйлчилгээнд явж байгаа нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг байна.
- Харин энэ амралтын өдрөөр хэрэгжиж эхэлсэн шинэ 74 чиглэлээс 28-ыг нь хэвээр үлдээжээ.
- Шинэ 28 чиглэлд нийт 625 автобус үйлчилгээнд явж байна.
- Ачаалал ихтэй үндсэн 6 чиглэл, хот орчмын 15 чиглэл, гэр хорооллын дундуур 5 чиглэлд дунд оврын автобус үйлчилгээнд явахыг хэвээр үлдээжээ.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн шинэ чиглэл болон хуучин сэргээсэн чиглэлд нийт 1000 орчим автобус үйлчилгээнд явж байна. Гэсэн ч орхигдсон олон чиглэл байгааг иргэд шүүмжилсээр байна. Тэгвэл нэн шаардлагатай орхигдсон чиглэлийн асуудлаар холбогдох албан тушаалтан, судлаачид ажиллаж судалгаа, шинжилгээг хийж байгаа юм байна.
Мөн автобусны шинэ чиглэлтэй холбоотойгоор гүйцэтгэлийн шатанд алдаа гаргасан гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Тиймээс цаашид шинэ чиглэлийн нийтийн тээврийн мэдээллийг автобусны арын самбар, системийн үйлчилгээнд оруулж улам боловсронгуй болгоно гэсэн юм.
Өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээж байгаатай холбогдуулан тус чиглэлүүдийн мэдээллийг imap.mn системд оруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна.