УДЭТ, ҮУИТ бүтээлээ толилуулдаг 600 хүний суудалтай их танхимд анх удаа их засварын ажил хийгдэж байна

Монголын түүх соёл, өв уламжлалд тодорхой байр суурь эзэлдэг дурсгалуудыг хамгаалж, сэргээн засварлах нь хойч үедээ түүхээ өвлүүлэн үлдээх том алхам гэж үздэг. Энэ ч утгаар Монголын архитектурын сонгодог өв болох УДЭТ-ын барилгын сэргээн засварлалтын ажлыг хийж эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд театрын гадна тал болон их танхимын засварын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь тус театр 1960 онд ашиглалтад орсноос хойших анхны их засварын ажил болж байна.

Манай улсын архитектурын сонгодог дурсгал, соёлын үнэт өв болох энэ барилгад УДЭТ, ҮУИТ, Хүүхэлдэйн театр гэсэн гурван байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд статусын хувьд улсдаа ганцад тооцогддог. Тэр дундаа Үндэсний урлагийн их театр болон Улсын драмын театрын уран бүтээлчид голдоо ганц тайз буюу 600 хүний суудалтай их танхимаа хуваан хэрэглэдэг юм. Тэгвэл барилга ашиглалтад орсон 1960 оноос хойш 63 жилийн хугацаанд тус тайз болон үзэгчдийн зрительд анх удаа их засварын ажил хийгдэж байна. Энэ нь бүтээлийн хувьд чамлахааргүй амжилтыг олон улсад гаргаж яваа уран бүтээлчдэд томоохон хэмжээний дэмжлэг гэдгийг театрын удирдлагын зүгээс хэлж байна.

Их засварын ажил одоогоор 90 хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс энэ оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгджээ. Үүний дараагаар УДЭТ-аас шинэ уран бүтээлээ хүргэхээр дүр хуваарилалт, зохиол уншлагын бэлтгэлдээ орсон байна.

Засварын ажлыг Соёлын яамнаас хариуцаж зөвхөн их танхимд засвар хийхээс гадна барилгын багана, гадна сэргээн засварлалтын ажлыг мөн хийж гүйцэтгэжээ. Энэхүү барилга нь 200 шахам өрөө тасалгаатай, жүжгийн хоёр танхим болон 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай юм. Тиймээс дахин дараагийн танхимуудад засвар хийх зайлшгүй шаардлагатай учраас хоёр дахь засварын зураг төслийг гаргаж байгаа юм байна.