Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшихээр зэхэж байгаа Борис Надеждинийг дэмжих бичигт гарын үсэг зурахаар урт дараалал үүсгэжээ

ОХУ-ын иргэд ирэх 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгуулиар улс төрдөө шинэ салхи оруулж, шинэчлэлийг хүсэж байгаа гэдгээ далд утгаар илэрхийлж байна. Өнгөрсөн Даваа гарагт ОХУ-ын нийслэл Москва болон бусад томоохон хотуудад олон мянган иргэд ирэх 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшихээр зэхэж байгаа Борис Надеждинийг дэмжих бичигт гарын үсэг зурахаар урт дараалал үүсгэжээ.

Борис Надеждин нь дайныг дуусгавар болгож, энх тайвныг тогтоож, Украинаас цэргээ татаж, эдийн засгаа солонгоруулж, төрийн эрх мэдлийг цомхотгох төлөвлөгөөтэй байгаа горилогч юм. Тэрээр иргэний санаачилга намаас ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байгаа . Гэхдээ Борис Надеждин 1-р сарын 31-ний өдрөөс өмнө 100 мянган дэмжигчийнхээ гарын үсгийг цуглуулснаар нэр дэвших эрхээ гардан авах, баталгаажуулах шаардлагатай байсан юм. Харин өнгөрсөн Даваа гарагт ОХУ-ын нийслэл Москва болон бусад хэд хэдэн томоохон хотуудад олон мянган хүмүүс түүнд дэмжлэг үзүүлэхээр урт дараалалд зогсож, гарын үсэг зурах ээлжээ хүлээн зогсож байгааг Өрнөдийн хэвлэлүүд дурандаа буулгажээ. Борис Надеждин сонгуулийн кампанит ажилдаа “Одоогийн ерөнхийлөгчийн бодлогыг зарчмын хувьд эсэргүүцэж байгаа төдийгүй бусад улс, үндэстний эсрэг үндэслэлгүй цэргийн хүч хэрэглэх”-ийг дэмжихгүй  бөгөөд өрнөдийн улс орнуудтай эв найрамдалтай зэрэгцэн оршиж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хүчирхэг орос улсыг бүтээх төлөвлөгөөтэй байгаа талаар дурджээ.

Тэгвэл өнгөрсөн Даваа гарагт Москва хотод Борис Надеждин сайн дурынхны гарын үсэг цуглуулах үйл ажиллагаагаа явуулж эхлээд удалгүй олон мянган хүмүүс цугларч, урт дараалал үүсгэж, баримт бичигт гарын үсэг зурахаар цугларсныг Оросын дотоодын хэвлэлүүд мэдээлжээ. Тэнд дугаарлаж байгаа хүмүүсийн зарим нь “Борис Надеждин сонгогдвол дайныг зогсооно гэж амласан учир” дэмжлэг үзүүлэхээр болсноо илэрхийлжээ. Харин 18-30 орчим насны залуучууд  "Төрийн суртал ухуулга, нэвтрүүлэгт өнөөгийн Орос улсын нөхцөлд байдалд бүгд сэтгэл хангалуун байгаа гэж мэдээлдэг, гэвч бодит байдал дээр хүмүүс хүнд хэцүү үеийг даван туулж байгаа учраас энд олон мянгуулаа цугласан байна” хэмээн өрнөдийн хэвлэлд уламжилжээ. Мөн Оросын залуу үеийнхэн ухаан орсон цагаас нь хойш Путин, Медведев тэргүүтэй улс төрчид тус улсыг удирдан залж байгаа явдлаас залхаад зогсохгүй өөрчлөлтийг хүсэж байгаагаа уламжилжээ. Орчин үед залуучууд цахим сүлжээгээр дамжуулан дэлхийн чиг хандлага, улс төрийн шилжилтийг ойлгож, ухамсарлаж буруу зөв, үнэн худлыг ялгах чадвартай болсныг хэвлэлд ярьжээ. Даваа гаргийн байдлаар Надеждин 80 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулсан байна. Түүнийг дэмжигчдийн цуваа Санкт-Петербург, Екатеринбург, Уфа хотод хүртэл үргэлжилжээ. Мөн Борис Надеждин хилийн чанад руу гарсан ОХУ-ын иргэдийн дэмжлэгийг авахын тулд Армен, Гүрж, Серби, Израил зэрэг улсуудад сонгуулийн төлөөлөгчийн газраа нээжээ. Оросын сөрөг хүчний хэд хэдэн улс төрч, тэр дундаа Алексей Навальный, Михаил Ходорковский, улс төрч Максим Кац зэрэг хэд хэдэн нөлөө бүхий хүмүүс Борис Надеждиныг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. Одоо ОХУ-ын сонгуулийн төв хороо хуулийн дагуу дагуу бүх нэр дэвшигчдийн гарын үсгийг хянан шалгах ёстой. Гэхдээ улс төрийн нөлөөлөл, В.Путины хавчлага, дарамт шахалтын уршгаар ОХУ-ын Сонгуулийн Төв хороо Борис Надеждиний нэрийг бүртгэхгүй байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.