Зарим жолооч нар дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх хүсэлтэй байна

Нийслэлийн авто зам ачааллаа дийлэхээ больж иргэд оргил ачааллын үеэр дунджаар 2-3 цагийг түгжрэлд өнгөрөөж байсан. Тэгвэл өнгөрсөн 12-р сарын 18-нд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргаснаас хойш даруй нэг сарын хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн авто замын ачааллын нөхцөл байдлыг 2023 оны мөн үетэй харьцуулахад ямар байгааг тоон мэдээллээр хүргэе.

  • Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2023 оны 1- р сард авто замын бүртгэлийн камерт өдөрт нийт 423 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байжээ. Тэгвэл өнөөдөр буюу дугаарын хязгаарлалт мөрдөгдөж эхэлснээс хойших нэг сарын хугацаанд өдөрт 238 мянган тээврийн хэрэгсэл камерт бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл авто замд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо 44 хувиар буурсан байна.
  • Мөн өнгөрсөн оны энэ үед 4700 гаруй хөдөлгөөн зохицуулалт хийгдэж байсан бол дугаарын хязгаарлалттай байгаа нэг сард энэ тоо 2700 болж мөн 42 хувиар буурсан байна.
  • Түүнчлэн тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор зорчуулж эхэлснээр зам тээврийн осол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол
  • Замын хөдөлгөөний бүх төрлийн саад мөн 64 хувиар тус тус буурсан судалгааг замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргажээ.

Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт энэ сарын 31-ыг дуустал буюу нийт 45 хоногийн хугацаанд үргэлжлэхээр байгаа юм. Тэгвэл зөвхөн нэг сарын хугацааны үр дүнг харахад авто замын түгжрэл 31 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Зөвхөн Улаанбаатар хотын гол төвлөрлийн бүс болох баруун 4 замаас зүүн 4 зам, 32-ийн тойргоос урагш 120-ийн уулзвар хүртэлх авто зам нь нийт 62км үргэлжилдэг. Тус авто замд өдөрт 85 мянган тээврийн хэрэгсэл зорчвол дунджаар нэг автомашин 25-30 км цагийн хурдтай явах боломжтой. Гэтэл дугаарын хязгаарлалтгүй энгийн үед тухайн авто замаар зорчих тээврийн хэрэгслийн тоо 85 мянгаас 3 дахин илүү байна. Эцсийн дүндээ тээврийн хэрэгсэл зохистой түвшинд байж гэмээн авто замын ачаалал, түгжрэлийн асуудал шийдэгдэхээр байна. Мөн өнгөрсөн нэг сарын тоон үзүүлэлтүүдийг харахад зөвхөн түгжрэлээс гадна осол, аваар, хөдөлгөөн зохицуулалтын тоо ч мөн буурсан дүнтэй байна.

Тэгвэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалтад жолооч нар харилцан адилгүй саналтай байгаа ч дийлэнх нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг хүсэж байна.

Дугаарын хязгаарлалт дуусахад 8 хоногийн хугацаа үлдэхтэй зэрэгцээд хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэх гэж байна. Энэ үед зохицуулалтыг үргэлжлүүлэх эсвэл бүх тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах эсэхийг одоогоор шийдээгүй байгааг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас мэдээллээ.