IMAP аппликэйшнээс зорчигч очих газар руу нь хэдэн минут явах зэрэг мэдээллийг харж болно

Автобусны арын самбарт байршуулсан нийтийн тээврийн шинэ чиглэлийн мэдээллээс харахад л ямар ч бэлтгэлгүйгээр энэ ажлыг эхлүүлсэн нь илэрхий байна гэж иргэд хэлж байна. Тиймээс сонгосон чиглэлийн автобус нь ямар замаар, хаашаа явах вэ, хэд дамжиж суух вэ гэсэн асуулттай  иргэд өнөөдөр ч автобусны буудлаар дүүрэн байна. Одоогоор автобусны зогсоолын арын самбар болон шинээр хэрэглээнд нэвтрүүлж байгаа автобусны чиглэлийн imap аппликэйшний шинэчлэлийг хийж байгаа юм байна.

Автобусны шинэ чиглэлтэй холбоотой гол асуудал нь чиглэлийн талаарх мэдээллийг үе шаттайгаар иргэдэд хүргээгүй явдал юм. Үүнээс шалтгаалж иргэд өнөөдөр ч ямар автобусанд суухаа мэдэхгүй байна.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн тээврийн шинэ чиглэлтэй холбоотой гүйцэтгэлийн шатанд алдаа гаргасандаа иргэдээс уучлалт хүссэн юм. Мөн одоогоор автобусны зогсоолын арын самбарт байршуулсан мэдээллийг шинэчилж эхлээд байна. Үүнээс гадна imap аппликэйшн дээр хуучин явж байсан 71 чиглэлийг оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.

IMAP аппликэйшнээс иргэд байгаа газраасаа очих газар руугаа хэдэн минут, ямар автобусаар явах зэрэг мэдээллийг харж болох юм байна. Эхлээд imap аппликэйшн руу орж өөрийн байгаа байршлын талаар мэдээллийг оруулж автобус цэсээр нэвтэрнэ. Ингэснээр өөрт ойр байгаа автобусны буудал болон очих цэгийнхээ мэдээллийг харах боломжтой юм. Үүнээс гадна иргэд автобусны буудлууд дээрх болон автобусанд доторх qr кодыг уншуулж тухайн буудал дээр ямар автобуснууд ирэх, ямар автобусанд дамжин суух зэрэг мэдээллийг харах боломжтой юм байна.