Өнгөрсөн даваа гарагт Америк, Их Британи хоёр улсын хамтарсан зэвсэгт хүчин Йемен дахь Хусит бүлэглэлийн объектуудад ахин агаарын агаарын цохилт өгсөн байна. Энэхүү агаарын цохилтоороо Хусит бүлэглэлийн зэвсгийн агуулах, пуужингийн болон тандалтын анги нэгтгэл зэрэг найман байг онилсноо Пентагоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Ираны дэмжлэгтэй Хусит бүлэглэлийн босогчид Улаан тэнгисийн худалдааны чухал гарцаар дайран өнгөрч байгаа Израил болон бусад барууны улс орнуудын хөлөг онгоцнуудыг онилон халдлага үйлдэж байгаа юм. Харин Америк, Их Британи хоёр улсын хууль тогтоогчид "Худалдааны чөлөөт урсгалыг" хамгаалахыг оролдож байгаагаа мэдэгдсэн юм.
"Бидний зорилго бол Улаан тэнгис дэх хурцадмал байдлыг намжааж, тогтвортой байдлыг сэргээх явдал хэвээр байгаа ч дэлхийн хамгийн том худалдааны гарцын аюулгүй байдал, түүгээр зорчиж байгаа тээвэрчдийн амь насыг хамгаалахын тулд Йемен дахь босогчдын байршилд үргэлжлүүлэн хариу цохилт өгөх” болно гэдгээ тэд Пентагоны нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд онцолжээ.
Даваа гарагт Их Британи, АНУ-ын хамтарсан зэвсэгт хүчин Ойрх Дорнодын бүс нутагт мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр дахь удаагаа Йеменд агаарын цохилт өглөө. Даваа гарагт хийсэн байлдааны ажиллагаанд нь Австрали, Бахрейн, Канад, Нидерланд зэрэг улсуудын зэвсэгт хүчин дэмжлэг үзүүлснийг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Сөнөөгч онгоцнууд АНУ-ын Эйзенхауэр тээгчээс хөөрч, агаараас цохилт өгсөн байна. Тэгвэл Их Британийн Батлан хамгаалах яамнаас дөрвөн Typhoon хөлөг онгоцноосоо Paveway хэмээх өндөр нарийвчлалтай тэсрэх бөмбөгөөр Йемений Сана хотын нисэх буудлын орчимд байрлах Хусит бүлэглэлийн хоёр ч томоохон объектод цохилт өгснөө мэдэгдсэн байна.
Хоёр улсын зэвсэгт хүчин өөр өөрсдийн стандарт практикт нийцүүлэн, энгийн номхон иргэдийн амь эрсдэх эрсдэлийг бууруулахын тулд агаарын цохилтоо төлөвлөхдөө маш нарийн шинжилгээ хийжээ. Мөн аюулгүй байдлын үүднээс агаарын цохилтыг шөнийн цагаар гүйцэтгэсэн байна.
Тус хоёр улсын зэвсэгт хүчин агаарын цохилтоороо Хусит зэвсэг бүлэглэлийн зэр зэвсгийн нөөцийн 40 орчим хувийг устгасан гэж шинжээчид таамаглаж байна.