ДЭМБ-аас 2023 онд Европын улс орнуудад улаан бурхан өвчний тохиолдол 45 дахин нэмэгдсэнийг анхааруулжээ

Мягмар гарагт ДЭМБ-ын мэргэжилтнүүд өнгөрсөн жил улаан бурхан өвчний тохиолдол бараг 45 дахин нэмэгдэн түгшүүр төрүүлж байгааг мэдэгдлээ. 2022 онд Европ тив даяар улаан бурхан өвчний нийт 950 орчим тохиолдол бүртгэгдсэн бол 2023 онд 42 мянган хүн дээрх өвчнөөр өвдсөн байна.

2024 он гарсаар Европ даяар улаан бурхны өвчлөл өсөн нэмэгдсэн байгаа тул цаашид Европын улс орнуудын эрүүл мэндийн байгууллагууд хамтран урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байгааг ДЭМБ-аас анхааруулжээ.

Цар тахлын он жилүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ улаан бурхан өвчний вакцинд хамруулаагүй тул халдварын тохиолдол өсөн нэмэгдсэнийг мэргэжилтнүүд хэлсэн байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Европын улс орнуудын эрүүл мэндийн салбарын удирдагчид хүүхдүүдийг дархлаажуулалтын хөтөлбөрт хамруулах кампанит ажлыг эхлүүлээд байна. Телевизийн суваг, цахим сүлжээний платформуудаар дамжуулан эцэг эхчүүдийг хүүхдээ вакцинд хамруулахыг уриалж, цаг товлолгүй хамгийн ойр эмнэлэгийн байгууллагад очиж, улаан бурхан өвчний эсрэг вакцин тариулахыг тэд хүсжээ.

Улаан бурхан, гахайн хавдар, улаанууд зэрэг өвчний эсрэг вакциныг хоёр тунгаар хийдэг бөгөөд эхний тунг хүүхдүүдийг нэг нас хүрмэгц тарьдаг бол удаах тунг хүүхэд гурван нас хүрсний дараа тарьж болдог байна.

Өнгөрөгч 2023 онд улаан бурхан өвчний уршгаар 5 хүн амиа алдсан бол 21 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь түгшүүр төрүүлж байна. Вакцинжуулалт нь хүүхдийг энэ аюултай өвчнөөс хамгаалах цорын ганц арга зам гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Улаан бурхан өвчнөөр ямар ч насны хүн өвдөж болдог төдийгүй өвчлөлийн үед биеийн температур өсөх буюу өндөр халуурч, биеэр тууралт гардаг байна. Харин өвчин хүндэрсэн тохиолдолд уушгины хатгалгаа, менингит болох бөгөөд энэ нь таталтаар илэрдэг байна. Өнгөрсөн жил Европ тивд улаан бурхан өвчнөөр өвдсөн хүмүүсийн 70 орчим хувь нь хүүхэд, харин үлдсэн 30 хувь нь насанд хүрэгсэд байжээ.