Улсын хэмжээнд 30 метрээс өндөрт гарсан галыг унтраах техник хэрэгсэл байдаггүй

Галын голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгсэл тоног төхөөрөмж стандарт шаардлага хангахгүй байгаа талаар иргэд шүүмжилж байгаа юм. Тэгвэл алба хаагчдын ар гэр болон Онцгой байдлын албаны удирдлагууд энэхүү шүүмжлэлтэй санал нэг байна. Учир нь Онцгой байдлын 4 алба хаагч тутмын ердөө нэг нь хамгаалалтын хувцастай, мөн 30 метрээс дээш буюу 9 давхар барилгаас дээш авалцах галыг унтраах техник хэрэгсэлгүйгээр ажилладаг байна.

Гал түймэрт өртсөн гурван алба хаагч үнэлгээ хийх зорилгоор ослын газар бууж ажиллаж байх үеэр 40 метрийн зайд дэлбэрэлт болж чингэлэг шидэгдсэнээр амиа алджээ. Тэдний гэр бүлийнхний зүгээс нас барсан гэх мэдээллийг цахим орчин болоод хамт ажиллагсадаас нь мэдсэн байна. Хэрэв техник тоног төхөөрөмж нь хангалттай сайн байсан бол амьд үлдэх боломжтой байсан гэдгийг хэлж байсан юм.

Онцгой байдлын байгууллагын албанд ажиллагсадын орчин нөхцөл техник хэрэгслийг сайжруулах талаар олон удаа яригддаг ч өдийг хүртэл ажил хэрэг болгож чадаагүй байгааг албаныхан хэлж байна. Одоогийн байдлаар алба хаагчдын ердөө 35-48 хувь нь л хувцас хэрэгслээр бүрэн хангагдажээ. Мөн өнөөдрийн байдлаар манай улсад 30 метрээс дээш буюу 9 давхар барилгаас дээш гарсан галыг унтраах техник байдаггүй гэсэн юм.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг 50 сая төгрөгийн гэнэтийн ослын даатгалд хамруулдаг байна. Мөн улсын онцгой комиссоос ажлын хэсэг байгуулан ар гэрийнхэнд нь тусламж дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.