УОК: Хохирогч иргэдэд шаардлагатай бүхий л тусламж, үйлчилгээг улсын нөөц хөрөнгөөс гаргана

Галд өртсөн орон сууцны иргэдийг зочид буудлуудад хуваарилан байршуулж, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Иргэдийн сэтгэл санааны байдал хүнд, гүн цочролд орсон байдалтай байгааг сэтгэл зүйчид хэлж байна. Хохирогч иргэдэд шаардлагатай бүхий л тусламж үйлчилгээг улсын нөөц хөрөнгөөс гаргана гэж УОК-оос мэдээлжээ.

Галын аюулд өртсөн 62 өрхийн 178 иргэнийг аюулаас аварсан. Ингэснээр иргэдийг зочид буудалд байрлуулж байгаа юм. Болсон үйл явдлыг нүдээр харсан иргэдийн сэтгэл зүй хүнд байдалд байгаа бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүд цочролд оржээ. Сэтгэл зүйчийн хэлснээр хүүхдүүд айж цочирдсоноос шалтгаалан орон доогуур нуугдах, бусадтай ярихаас эмээж байгаа талаар сэтгэл зүйч ярьсан юм.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК шуурхай хуралдсан юм. Хуралдаанаар галын аюулд өртсөн айл өрхүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Одоогийн байдлаар ослын шалтгаан, буруутай этгээдийг бүрэн тогтоогоогүй байгаа тул иргэдийг түр байршуулах байр, хувьсах зардал зэргийг улсын нөөцийн хөрөнгөөс гаргахаар болжээ.

Ийнхүү нэг иргэний хайхрамжгүй байдал буруутай үйлдлээс шалтгаалж 3 хүний амь эрсдэж их хэмжээний хор хохирол учирлаа. Өмнө нь манай улсад энэ хэмжээний томоохон осол гарч байгаагүй юм. Иймд улсын онцгой комиссоос тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэх болон түгээж буй ААН-үүдэд хяналт шалгалт хийхээр болжээ