Гал түймэр гарахад орц, гарцын асуудлаас үүдэн аврах ажиллагаа удааширч байна

Маш их дэлбэрэлтээс үүдсэн гал түймрийг унтраахад Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл, техникийн асуудлаас гадна орц гарцын асуудал хамгийн ихээр анхаарал татаж байна. Галын машин түймэр гарч байгаа байгууламжийн аль ч талаас орж, аврах ажиллагаа явуулахад орц, гарц чөлөөтэй байх ёстой. Гэсэн ч төлөвлөлтгүй баригдсаар байгаа нийслэлийн барилга байгууламж, орц гарцгүй шахам гудамж талбайн уршгаар мөн л галын машин хүрэх газраа очих гэсээр багагүй хугацаа алджээ.

60 айлын орон сууц шатаж байгаа барилга руу гал командын машин зүүн талаас нь ойртож галыг унтраах гэсэн боловч сургуулийн арк тулж байна. Угтаа бол түргэний тэрэг, галын машин тухайн дуудлага өгсөн байршлын аль ч талаас аврах ажиллагаа явуулахад орц, гарц чөлөөтэй байх ёстой. Гэвч бодит байдалд энэ нь мөрдөгддөггүй нь энэ жишээнээс бэлхэн харагдаж байна. Үүнээс шалтгаалаад багагүй хугацааг алдаж, гал түймрийг яаралтай унтраах ажилд саад учирсан гэдгийг ОБЕГ-аас хэлж байгаа юм.

Гал түймэр гарахад орц гарцын асуудлаас үүдэн аврах ажиллагаа удаашрах явдал нэг биш удаа тохиолдож байгаа юм. Эргэн сануулбал, одоогоос яг нэг сарын өмнө 3-р хороонд гал гарч долоон хүний амь эндхэд мөн л галын машин орох зам талбай хүндрэлтэй байсан. Тиймээс цаашид шинээр баригдах барилга байгууламж, гудамж талбайн ойр орчмын орц, гарцыг төлөвлөж байх зайлшгүй шаардлагатай байна.