Умард Солонгос талаас Өмнөд Солонгосын газар нутагт өдөөн хатгасан цохилт өгч болзошгүйг АНУ-ын эрх баригчид анхааруулжээ

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Умард Солонгосын Гадаад хэргийн сайдтай Москва хотноо дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Орос-Умард Солонгос хоёр улсын эрх баригчид бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа Батлан хамгаалахын харилцаа холбоогоо гүнзгийрүүлэхээр тохиролцсоныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн байна.

Тэгвэл АНУ-ын эрх баригчид тус хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа явдалд санаа зовниж байна. Тухайлбал Умард Солонгос их бууны сум, дундын тусгалт баллистик пуужинг ОХУ-д шилжүүлснийхээ хариуд цөмийн хөтөлбөрийн хөгжүүлэлтэд Москвагийн талаас тусламж авахаар болоод байгаа. Мөн Умард Солонгос цэрэг армийн салбар нь хүчирхэгжиж байгаа гэдгээ нотлон харуулахын тулд Өмнөд Солонгосын газар нутагт агаарын цохилт өгөх, их буугаар галлаж жижиг хэмжээний өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүйг АНУ-ын эрх баригчид анхааруулж байна.

Нөгөөтээгүүр БНСУ-д ирэх 4-р сард парламентын сонгууль болох гэж байгаа тул Умард Солонгосын зүгээс нийгэмд түгшүүр төрүүлэх зорилгоор өдөөн хатгалт хийх зорилготой гэж шинжээчид таамаглаж байна. Гэвч Умардын өдөөн хатгалт нь Солонгосын хойгт дайн дэгдээх хэмжээний эрсдэлтэй биш гэдгийг АНУ-ын албаныхан онцолжээ.