БНХАУ, АНУ-ын төрийн өндөр дээд албан тушаалтнууд Улаан тэнгис дэх хурцадмал байдлын талаар хэлэлцэнэ

АНУ, БНХАУ-ын хууль тогтоогчид Йемений Хусит босогчдын Улаан тэнгис дэх халдлагын асуудлаар уулзаж яриа хэлцэл өрнүүлэхээр болжээ. Ойрх Дорнодын бүс нутагт Хамас болон Израилын армийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш Хусит-ийн босогчид улаан тэнгист зорчиж яваа худалдааны хөлөг онгоцнууд руу пуужин болон дроны халдлага үйлдэх болсон юм.

Wall Street Journal сонин АНУ-ын албаны эх сурвалжуудаас эш татан уулзалтын талаар мэдээлсэн байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Тайландад уулзаж, босогчдын худалдааны хөлөг онгоц болон бусад хөлөг онгоцнуудад үйлдсэн халдлагын талаар ярилцах гэж байна. Ираны Засгийн газар Хусит босогчийн бүлэглэлд зэвсэг, сум, дрон болон санхүүгийн дэмжлэг үзүүлдэг тухай Цагаан ордноос мэдээлсэн юм. Харин Жо Байдены засаг захиргаа Иран улстай найрсаг харилцаатай БНХАУ-ын хууль тогтоогчдоор дамжуулан Улаан тэнгис дэх хурцадмал байдлыг намжаах оролдлого хийж байна гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын хууль тогтоогчид нүүр тулан уулзах үеэрээ Хятад улсын эрх баригчдаас Иран болон Хусит бүлэглэлийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг шаардах төлөвтэй байна. Энэхүү уулзалт нь энэ сарын 13-ны өдөр Тайванийн засаг захиргааны тэргүүн тодорсноос хойших дэлхийн тэргүүлэх эдийн засаг бүхий хоёр улсын төрийн өндөр дээд албан тушаалтнуудын анхны хэлцэл болох юм. Тайланд улсад болох уулзалтаар хоёр улсын эрх баригчид харилцаанд нь тулгарч байгаа сорилтуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна.