Дүнжингаравын ойр орчмын гал түймрээс үүдэн сургууль, цэцэрлэгийн ойролцоох ШТС-ууд болон авто газ түгээх цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагыг эцэг эхчүүд, зарим сургуулийн төлөөллүүд тавьж байгаа. Гэвч тэдний тавьж байгаа шаардлага холбогдох журам стандартад нийцэхгүй байгаа юм. Тиймээс энэ асуудалтай холбоотой дүрэм журмыг өөрчлөх цаг хэдийнээ болсныг хэлж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байна. Тухайлбал Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулиас 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байгаа юм. Нийслэлийн 14-р дунд сургуулийн ойр орчимд байрлаж буй шатахуун түгээх станцад сургуулийн удирдлагуудын зүгээс олон удаагийн шаардлага тавьж байсан ч нэмэлтээр хашаа барьснаар асуудлыг шийдсэн гэж үзжээ.
Галын аюулгүйн норм, Монгол улсын барилгын норм, дүрэмд шатахуун түгээх станцын аюулгүйн зай нь барилга байгууламжаас 15-25 метрийн зайд байна гэж заасан журам нь 2014 онд гарсан журам байна. Харин сургууль орчмын стандартад 150 м хүртэлх зайд суралцагчийн хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байна.
Үүнээс харахад мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүрэм стандарт уялдаа холбоогүй байгаагийн илрэл юм. Хамгийн сүүлд шатахуун түгээх станцын байршлын стандарт дүрмийг 2014 онд баталсан байна. Галын аюулгүйн норм, Монгол улсын барилгын норм ба дүрмийг Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлан гаргаж байжээ. Нийслэлд хотод үйл ажиллагаа явуулж байгаа дийлэнх шатахуун түгээх станцууд барилга байгууламж болоод төв замуудын дэргэд байрладаг тул иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Манай улсад стандарт дүрэм байхгүй хэрэгжилт муу байдаг талаар барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэлж байна. Мөн иргэдийн төлөвлөгөөт шалгалт болон хүсэл шаардлагад тулгуурлан гаргасан стандартад хяналт шалгалтыг хийдэг гэсэн юм.
Тэгвэл гаднын улсад томоохон хот сууринд шатахуун түгээх байгуулсан тохиолдолд аюулгүй байдлыг сайтар хангахын зэрэгцээ хэт өндөр татвар төлөх шаардлагатай тулгардаг байна. Иймд 2014 онд батлагдсан шатахуун түгээх станцын байршилд тавигдах стандартыг дахин шинэчлэх шаардлагатай юм.