Жижиг болон дунд оврын тээврийн хэрэгсэл том оврын автомашинтай зэрэгцэхгүй, араас нь 4 автомашины зайтай хөдөлгөөнд оролцох ёстой

Дүнжингаравын орчимд гарсан томоохон осол том оврын тээврийн хэрэгслийн жолооч хажууд байгаа суудлын автомашин хоорондын зайг харж чадаагүйгээс үүдсэн гэж зарим шинжээч үзэж байна. Тэгвэл том оврын тээврийн хэрэгслийн толинд харагддаггүй хэсгийг "Сохор бүс" гэж нэрлэдэг. Ихэвчлэн нийтийн тээвэр болон хүнд даацын автомашинуудын хажуугийн толинд эргэн тойрны харагдах бүс хязгаарлагддаг тул тухайн бүсэд орох нь жижиг оврын тээврийн хэрэгсэл болоод явган зорчигчид маш аюултай байдаг байна.

Ачааны автомашин, автобус зэрэг том оврын тээврийн хэрэгсэлд сохор бүс гэж байдаг. Энэ бүсэд орсон хүн, автомашин нь тухайн том оврын машины жолоочид огт харагддаггүй.

Олон улсын судалгаагаар ачааны автомашинтай холбоотойгоор хүний амь эрсэдсэн нийт ослын 36.1 хувь нь уулзвар нэвтрэх хөдөлгөөн хийх явцад буюу жижиг оврын автомашин том тэрэгний жолоочийн сохор бүсэд орсон эрсдэлтэй үед гарсан байна. Өөрөөр хэлбэл, хүн нас барсан ачааны автомашины гурван осол тутмын нэг нь жолоочийн сохор бүс буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал байх үед болдог байна. Манай улсад ч мөн ялгаагүй жолооч нар тэр дундаа шинэ жолооч нар сохор бүсийн талаарх ойлголт тааруу байдгийг нийтийн тээврийн жолооч хэлж байна.

Хэрэв танд том оврын тэрэгний хажуугийн толинд тухайн жолоочийнх царай харагдахгүй байгаа бол жолооч таны тээврийн хэрэгсэл ч мөн том оврын тэрэгний жолоочид харагдахгүй байна гэсэн үг. Тиймээс жижиг болон дунд оврын тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нар аль болох том оврын автомашинтай зэрэгцэхгүй байх. Мөн уулзвар нэвтрэхдээ хүлээцтэй хандаж том оврын тээврийн хэрэгслийн араас, хамгийн багадаа 4 машины зай барьж хөдөлгөөнд оролцох ёстой байна. Эдгээр зөвлөмжүүдийг дагаагүйгээс үүдэж нэлээдгүй зам тээврийн осол манай улсад бүртгэгддэг байна. Мөн энэ нь зөвхөн зам тээврийн ослоор хязгаарлагдахгүй, жолооч сохор бүсэд орсон явган зорчигчийг хараагүйн улмаас иргэд тэр дундаа бага насны хүүхдүүд автомашины дугуйнд өртсөн осол цөөнгүй бүртгэгддэг байна.