Улсын төсвийн захиран зарцуулалт, хуваарилалтад олон нийтийн оролцоо бага байна

Улсын төсөв бол иргэдээс төвлөрүүлсэн мөнгийг буцаагаад иргэддээ захиран зарцуулах асуудал. Гэхдээ одоогийн нөхцөлд төсвийн захиран зарцуулалт, хуваарилалтад олон нийтийн оролцоо бага байгаа юм. Тэгвэл иргэд өөрт тулгарч байгаа асуудлыг шийдвэрлүүлэх бүтээн байгуулалтын ажлын талаар “Төсвийн хөрөнгө оруулалт” гэсэн аппликэйшнээр орж санал өгөх боломжтой юм байна.

Улсын төсөв нээлттэй ил тод байх нь олон талын ач холбогдолтой. Хамгийн наад зах нь улсын төсөвт судлаач, шинжээчид саналаа оруулах боломжтой юм.

Тухайн жилийн төсвийг хэлэлцэгдэх үеэс эхлээд батлагдах үе шат бүрд иргэдийн оролцоо чухал юм. Тэгвэл улсын төсвийн зарцуулалт, хуваарилалт, хаана ямар төсөв хэрэгжиж байгаа талаарх мэдээллийг иргэд төсвийн хөрөнгө оруулалт гэсэн аппликэйшнээр авах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, таны оршин суудаг дүүрэг, хороонд явган хүний зам байхгүй бол энэ талаар та санал өгч шийдвэрлүүлэх боломжтой гэсэн үг.

Улсын төсвийн зарлага нь орлогоосоо давж алдагдалтай гардаг гэх мэт сахилга батгүй, үрэлгэн байдлыг жил бүрийн төсвөөс харж болохоор байгаа. Мөн төсвийн алдагдал сонгуулийн жилүүдэд өсдөг байна. Судалгаанаас харахад 2012, 2016, 2020 онд төсвийн алдагдал илт өссөн үзүүлэлттэй байдаг юм байна. Тиймээс улсын төсөвт иргэдийн хяналт чухал юм.