Өнгөрсөн оны 10-р сарын 7-ны өдөр Хамас-Израил-ын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа ойрх дорнодын бүс нутагт үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын гурван цэрэг амралтын өдрүүдэд халдлагад өртөж амиа алджээ. Йордан улсын Засгийн газар дроны халдлага тус улсын нутаг дэвсгэрт бус Сирид болсон гэдгийг нэн даруй мэдээлжээ.
Газын зурваст мөргөлдөөн эхэлснээс хойш арабын хойг, ойрх дорнодод байрлаж байгаа АНУ-ын цэргийн баазууд агаарын цохилтод өртсөн ч өнгөрсөн амралтын өдрүүд хүртэл хүн хүчний хохирол огт амсаагүй байсан юм. Ням гарагт Цагаан ордны тэргүүн Жо Байден “АНУ бүх буруутай этгээдүүдэд нэг цагт, өөрийн арга барилаар халдлагын хариуцлагыг нь хүлээлгэх болно” гэдгийг мэдэгдсэн байна. Халдлагын уршгаар багадаа 34 цэргийн албан хаагч тархиндаа гэмтэл авсан гэж оношлогдсон бөгөөд тэдний заримыг биеийн байдал хүндэрч болзошгүй тул яаралтай нэгдсэн улс руу хүргэсэн байна.
Халдлага үйлдэгчид цэргийн баазыг онилоод зогсохгүй алба хаагчдын амьдарч байсан орон сууцны байгууламжид мөн дроны цохилт өгсөн нь амиа алдагсдын тоог нэмэгдүүлж болзошгүй байгаа юм байна. АНУ-ын төв командлал Сирийн хилийн ойролцоох Иорданы зүүн хойд хэсэгт байрлах бааз руу халдлага үйлдсэн гэж мэдээлсэн бол Йорданы Засгийн газраас халдлага Сири дэх Аль-Танф баазыг онилсон болохыг хариу мэдэгджээ. Тэгвэл Ням гаргийн өглөө АНУ-ын эвсэгт хүчний штабын дарга нарын зүгээс "Мөргөлдөөнийг өргөжүүлэхгүй байх нь Вашингтоны гол зорилго" гэдгийг онцлон мэдэгджээ.
“Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн”-д хамаарах радикал бүлэглэлүүд ням гаргийн өглөө Сири-Йорданы хилийн зурвас дахь АНУ-ын гурван бааз, барилга байгууламжуудыг онилон дроны халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Ойрх дорнодын нөхцөл байдал бүхэлдээ хурцдаж, бүс нутаг бүрд дайн, мөргөлдөөн үүсээд байгаа эгзэгтэй энэ үед АНУ-ын гурван цэрэг амиа алдсан нь асуудлын зангилаа нэгэнтээ тайлагдах нь өнгөрснийг илтгэж байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Харин АНУ-ын Бүгд Найрамдах намын хууль тогтоогчид тус улсын үнэлэмж, нэр хүнд дэлхийн өнцөг булан бүрд унан доройтож буй явдалд Жо Байден буруутай гэж үзэж байгаа төдийгүй халдлагын хариуг тэр дор нь бариагүйг шүүмжилж, “Хулчгар” байдал нь нөхцөл байдлыг хяналтаас гарахад хүргэж байна хэмээн буруутгажээ.