Украины Батлан Хамгаалах яамны албан тушаалтнууд 100 мянган ширхэг миномётын сум нийлүүлэх гэрээг Львов Арсенал хэмээх орон нутгийн зэвсгийн компанитай байгуулжээ. Харин төр хувийн хэвшлийн удирдлагууд гэрээг байгуулахдаа үгсэн хуйвалдаж, хувьдаа их хэмжээний мөнгө завших гэж байсан нь батлагдсаныг Украины Аюулаас Хамгаалах албанаас мэдэгдсэн байна. Украины Батлан Хамгаалах яамнаас миномётын сум худалдан авах төлбөрийн шилжүүлгийг өнгөрсөн 8-р сард гүйцэтгэсэн ч үйлдвэрлэгчид товлосон хугацаандаа бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй байна. Мөн хууль сахиулагчдын явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар хувийн хэвшлийнхэн шилжүүлсэн мөнгөний зарим хэсгийг Балканы хойгийн нэг улсын банк руу шилжүүлж, дараа нь бэлэн мөнгө болгон авсан нь нотлогдсон байна. Украины хууль сахиулагчид төсвийн мөнгийг хувьдаа шамшигдуулсан таван этгээдийг саатуулсан бөгөөд тэдний нэг нь хил даван зугтаах гэж байгаад үйлдэл дэрээ баривчлагдсаныг Украины дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.
Украины ерөнхий прокурор хулгайлагдсан хөрөнгийг хураан авч, Батлан Хамгаалахын төсөвт буцаан шилжүүлэхээр болсныг уламжилжээ. Таван сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа төдийгүй тэд гэм буруутай нь тогтоогдвол 12 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх төлөвтэй байна. Украины Засгийн газар дайн дажинтай хүнд хэцүү үеийг даван туулж байгаа ч авлига, албан тушаалын хэргүүдтэй тууштай тэмцэж, Европын холбоонд элсэх суурь стандарт, шаардлагад нийцэхийн тулд нийгмийн ёс суртахууныг хадгалахыг үнэхээр эрмэлзэж байгааг шинжээчид онцолж байна.
Өнгөрсөн есдүгээр сард Украины Батлан Хамгаалахын сайд Олексий Резников бас авлигын хэргээр огцорсон юм. Тэрээр авлигын хэрэгт шууд холбогдолгүй байсан ч түүний доор ажилладаг байсан албан тушаалтнууд армийн хоол, хүнсний төсвийн мөнгөнөөс хувьдаа ашиглан шамшигдуулсан нь ил болж байсан юм.