Өнгөрсөн 12-р сарын 18-нд нийслэлийн засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Уг захирамжийн хэрэгжилтийн хугацаа энэ сарын 31-ний өдрөөр дуусаж байгаа юм. Тэгвэл захирамж хэрэгжих хугацаанд нийтийн тээврийн зорчих хугацаа эрс багассан талаар автобусны жолооч нар ярьж байна. Өмнө нь замын түгжрэлээс шалтгаалан автобус эхлэл цэгээс эцсийн цэгтээ хүрэхийн тулд 3-4 цаг зарцуулдаг байсан бол одоо үүнээс 2 дахин бага хугацаа зарцуулдаг болжээ.
Замын хөдөлгөөний ачааллыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан дараах тоон мэдээллийг хүргэж байна.
- Дугаарын хязгаарлалт мөрдөгдөж эхэлснээс хойших нэг сарын хугацаанд өдөрт 238 мянган тээврийн хэрэгсэл камерт бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл авто замд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо 44 хувиар буурсан байна.
- Мөн 4700 гаруй хөдөлгөөн зохицуулалт хийгдэж байсан бол дугаарын хязгаарлалттай байгаа нэг сард энэ тоо 2700 болж мөн 42 хувиар буурсан байна.
- Тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор зорчуулж эхэлснээр зам тээврийн осол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол
- Замын хөдөлгөөний бүх төрлийн саад мөн 64 хувиар тус тус буурсан судалгааг замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргажээ.
- Ингэснээр зөвхөн нэг сарын хугацаанд авто замын түгжрэл 31 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Өмнө нь замын түгжрэлээс шалтгаалан нийтийн тээврийн автобус эхлэл цэгээс эцсийн цэгтээ хүрэхийн тулд 3-4 цаг зарцуулдаг байсан бол тэгш сондгой дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлснээр одоо 2 дахин бага хугацаа зарцуулдаг болжээ.
Хязгаарлалт хэрэгжиж эхлэхээс өмнө, ид жавар тачигнасан үед иргэд автобус хүлээж багагүй хугацаа бардаг байсан бол одоо хүлээлтийн хугацаа харьцангуй багассан гэж үзэж байгаа. Тиймээс цаашид тээврийн хэрэгслийн тэгш сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зөв гэж иргэд болоод жолооч нарын зүгээс хэлж байна.
Өчигдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлсэн, мөн сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байгаа. Иймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлтийг нийслэлд хүргүүлжээ. Тэгш сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх иргэдийн саналыг энэ сарын 31 -ний өдрийг дуустал буюу 3 хоногийн хугацаанд www.ulaanbaatar.mn сайтаар хүлээн авснаар иргэдийн саналыг үндэслэн шийдвэр гаргах юм байна