Томоохон баяр ёслолын өмнөх өдрүүдээс эхлэн цус хандивлах иргэдийн тоо эрс буурдаг
Осол аваар, гал түймэрт өртөгсөд болоод бусад өвчтөнүүдэд өдөр бүр, цаг тутамд хамгийн хэрэгцээтэй байдаг зүйл бол цус юм. Цус хандивлах иргэдийн тоо сар шинийн баяр гэх мэт үндэсний хэмжээний томоохон баяр ёслолын өмнөх өдрүүдээс эхлэн эрс багасдаг байна. Тиймээс иргэдийн идэвхийг нэмэгдүүлж, цус болон цусан бүтээгдэхүүний нөөцөө сайжруулах зорилгоор цус сэлбэлтийн үндэсний төвөөс ирэх амралтын Бямба гарагт ажиллахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон ослын улмаас түлэгдсэн, биеийн байдал хүнд оноштой 5 иргэн түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаагаас 2 иргэний биеийн байдал маш хүнд гэсэн оноштой байна. Эдгээр иргэдэд өдөр тутам цус болон цусан бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг ар гэрийнхнийх нь зүгээс мэдээлж байгаа юм. Тэгвэл түлэнхийн осолд өртсөн өвчтөнд сийвэнгийн болон ялтасны бүтээгдэхүүн хамгийн хэрэг болдог байна.

Сийвэнгийн бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа урт байдаг учир нөөц хангалттай байдаг. Харин ялтасны бүтээгдэхүүнийг 3-5 хоног л хадгалах хугацаатай учир өдөр тутам цус цуглуулах шаардлагатай байна.

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвөөс улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх л эмнэлгийн байгууллагуудад цус болон цусан бүтээгдэхүүн захиалгын дагуу нийлүүлэх ажлыг хариуцан явуулдаг. Гэтэл жилээс жилд цус, цусан бүтээгдэхүүний захиалга нэмэгдэж байгаа ч цусаа хандивлах иргэдийн тоо эрэлтээ хангахгүй байна. Статистикаас харахад  эрэлт хэрэгцээ сүүлийн хоёр жилд 25 хувиар өссөн бол цус цуглуулалт 21 хувиар нэмэгджээ. Тодруулбал иргэдийн буруу, ташаа мэдээллийн улмаас цус цуглуулалт багасахад нөлөөлжээ.

Иргэн 17 нас хүрсэн, 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж үзэж байгаа бол Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвийн төв байр, Нэгдүгээр эмнэлгийн хажууд байрлах цус цуглуулах байр мөн Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний төвд очиж цусаа хандивлах боломжтой. 5 минут зарцуулж 350 мл цус хандивлахад л 3 хүний амийг аварч байгаа хэрэг хэмээн үздэг байна. Баярын урт амралт эхлэх гэж байгаа энэ үед цус хандивлах иргэдийн тоо багасдаг учраас энэ амралтын өдөр буюу 2-р сарын 3-ны өдөр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төв ажиллах юм байна.