Цахим орчин дахь хүчирхийлэл, сургалтын орчны талаарх үзүүлэлтүүд муу байгаа нь судалгаагаар тогтоогджээ
Боловсролын орчин дахь хүүхдийн эрх болоод эрхийн хамгааллын талаарх судалгаа гарчээ. Тус судалгаагаар үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим орчин дахь хүчирхийлэл мөн сургалтын орчны талаарх үзүүлэлтүүд муу гэж дүгнэгдсэн байна. Тухайлбал, ЕБС-ийн 13-17 насны 4 сурагч тутмын 1 нь сургууль дээрээ дээрэлхэлтэд өртөж байна гэж тус судалгаагаар гарчээ.

Нэн түрүүнд ЕБС-уудын гаднах орчин муу байгаа нь хүүхдийн эрх, хамгааллын талаар үндэсний хэмжээнд хийсэн түүвэр судалгааны дүнд гарчээ. Хөвсгөл аймгийн захын зарим сумдад өнөөдөр дотроо галладаг сургууль байсаар байна. Үүнийг боловсролын салбарт хамгийн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэйг гэдгийг судлаачид онцолж байсан юм. Мөн судалгаанд оролцсон нийслэлийн сургуулиудын сурагчдад ч сургуулийн спорт заал, гаднах орчин зэрэг нь аюултай байдаг гэж хариулжээ.

Мөн өнөөг хүртэл багш нь сурагчдаа шийтгэж дарамтлах асуудал хэвээр байгаа юм. Тодруулбал, 3 суралцагч тутмын 1 нь багшдаа шийтгүүлж, дарамтлуулсан байна. Үүнээс гадна ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлт их байна. Тухайлбал, 4 сурагч тутмын 1 нь сургууль дээрээ үе тэнгийн бусад сурагчдадаа дээрэлхүүлж байна. Үүнтэй холбоотойгоор “Хүүхэд хамгааллын хууль”-д өөрчлөлт оруулсан. Ингэхдээ бусдыгаа дээрэлхэж байгаа сурагчид хариуцлага хүлээлгэх гэхээсээ илүү сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлэх зэргээр арга хэмжээ авах талаар хуульд тусгажээ.

Судалгааны үр дүнд ЕБС-ийн сурагчдын дунд согтууруулах ундаа мөн тамхины хэрэглээ өндөр байгаа нь тогтоогдсон ба үүнийг багш, эцэг эхчүүдийн зүгээс зайлшгүй анхаарах ёстой байгаа юм.

Судалгааны үр дүнгээс харвал боловсролын байгууллага, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал байгаа юм. Үүнээс гадна сургуулийн гаднах орчин, сурагчдын буруу зан үйл, дээрэлхэлт, дарамт шахалт зэрэг асуудлыг боловсролын байгууллагууд төдийгүй эцэг эх, асран хамгаалагчид анхаарах хэрэгтэй байгааг судлаачид хэлж байна.