Израилын хариу агаарын довтолгооны уршгаар Газын зурвас дахь нийт байшин барилгын бараг тал хувь эвдэрч сүйдсэнийг “ВВС” сувгийн хийсэн дүн шинжилгээ харуулжээ
Өнгөрсөн оны 10-р сарын 7-ны өдрөөс эхлэн Израилын зэвсэгт хүчин Хамас-ын халдлагын хариу болгож, газын зурвасын өнцөг булан бүрд агаарын довтолгоо явуулж эхэлсэн юм. Тэгвэл Израилын хариу агаарын довтолгооны уршгаар Газын зурвас дахь нийт байшин барилгын бараг тал хувь эвдэрч сүйдсэнийг “ВВС” сувгийн хийсэн дүн шинжилгээ харуулжээ.

Израилын эрх баригчид Газын зурвасын оршин суугчдыг өөрийн аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн өмнөд болон төв хэсэг рүү шилжин суурьшихыг уриалж бас сануулж байсан юм. Гэвч дүн шинжилгээгээр өнгөрсөн 12-р сарын эхнээс Газын зурвасын бүс нутгийн өмнөд болон төв хэсэгт бөмбөгдөлт эрчимжиж, Хан Юнис хот нь Израилын армийн гол бай болжээ. Газын зурвас даяар суурьшлын бүсүүд сүйрч, өмнө нь хөл хөдөлгөөн ихтэй байсан худалдааны гудамжнууд балгас болж, их дээд сургуулиуд сүйдэж, тариалангийн талбайнууд газрын хөрснөөс арчигдаж, орон гэргүй болсон газын зурвасын олон зуун мянган оршин суугчид бүс нутгийн өмнөд хил дагуу майханд хоног төөрүүлж байна.

НҮБ-ын мэдээлснээр, 1.7 сая орчим хүн буюу Газын зурвасын оршин суугчдын 80 гаруй нь орон гэрээ орхин дүрвэсэн бөгөөд дүрвэсэн оршин суугчдын тал хувь болох 800 мянга орчим нь газын өмнөд бүс нутагт шахагдаж, майханд амьдарч байна. Израилын Батлан Хамгаалах яам Хамас зэвсэгт байгууллагын дайчид болон террористуудын байршилд хоёуланг нь онилон цохилт өгч байгаа тул хохирол гарах нь ойлгомжтой гэж хариу мэдэгдсээр байгаа юм. Хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт хийсэн дүн шинжилгээгээр сүйрлийн бодит хэмжээ цочирдуулам байгаа юм. Шинжилгээгээр газын зурвасын 160 мянга орчим иргэний болон хувийн хэвшлийн дэд бүтэц устаж сүйджээ. Энэ нийт барилгын тал хувь нь байна.