ОУВС-гийн ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуринчас “Олон улсын зээлдүүлэгчдийн шинэчилсэн дэлхийн эдийн засгийн төлөв байдал нь "Зөөлөн газардах" төсөөлөлтэй байгаа хэдий ч нийт өсөлт, худалдааны хэмжээ түүхэн дундаж үзүүлэлтээс доогуур хэвээр байгаа” гэдгийг онцолжээ. Үргэлжлүүлэн тэрээр "Одоогоор дэлхийн эдийн засаг үнэхээр тогтвортой байгаа төдийгүй өнцөг булан бүрд инфляцын түвшин буурч, өсөлт нь саарч байна. Ингэснээрээ эдийн засгийн дарамт хөнгөрч, хэрэглэгчдэд ирэх дарамт багасаж, зөөлөн газардах боломж өсөн нэмэгдсэнийг хэлсэн байна. Тэгвэл дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэл, аюул холуур байгааг ОУВС-гийн тэргүүлэх эдийн засагч тайлбарласан ч хөндлөнгийн шинжээчид ойрх дорнодыг бүс нутаг дахь геополитикийн хурцадмал байдал, Улаан тэнгис дэх халдлага зэргээс шалтгаалж түүхий эдийн үнэ өсөх, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл бодит аюул болж байгаа тухай байр сууриа илэрхийлжээ. Мөн түүхэн дэх хамгийн том сонгуулийн жил тохиож байгаа тул дэлхий даяар төсвийн нэгтгэлийн ажил хойшлогдож, энэ процедур нь эдийн засгийн идэвхжилийг өдөөх боловч инфляцыг түвшнийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхааруулж байна. Энгийндээ олон улсын эрх баригчид төсвөө нэгтгэхээс илүүтэйгээр мөнгө хэвлэж сонгуулийн амлалтаа биелүүлэхээр тэмцэж байгаа нь инфляцыг өдөөж болзошгүй гэсэн үг байна. Мөнгөний хатуу бодлого, арга хэмжээнээс үл хамааран дэлхий дахинд хувийн болон улсын төсвийн зарцуулалт сайжирч, ажиллах хүчний оролцоо нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээ эерэг голдиролдоо орж, эрчим хүч, түүхий эдийн үнэ хямдарсан зэрэг эерэг хандлага ажиглагдаж байгааг ОУВС-аас мэдээлжээ. 2000-2019 оны хооронд дэлхийн эдийн засаг дунджаар 3.8 хувийн өсөлттэй байжээ. Харин 2024 онд манай гаргийн эдийн засаг 3.1 хувийн өсөлтийг харуулах төсөөлөлтэй байгаа нь өнгөрсөн 10-р сард ОУВС-аас танилцуулсан төсөөллөөс 0.25 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Дэлхийн худалдааны хэмжээ 2024 онд 3.3 хувиар, 2025 онд 3.6 хувиар өсөх төлөвтэй байсан нь түүхэн дундаж буюу 4.9 хувиар доогуур байх төлөвтэй байна. Учир нь геополитикийн хурцадмал байдлын уршгаар дэлхий дахинд экспорт, импортын хязгаарлалтын олон арга хэмжээ хэрэгжиж байгаатай холбоотой байна.
Өнгөрсөн Мягмар гарагт Олон Улсын Валютын сангийн шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлтийн хүлээлтээ өндөрсгөжээ. Учир нь дэлхийн тэргүүлэх эдийн засаг бүхий хоёр улс буюу Хятад, Америкийн инфляцын түвшин таамаглаж байснаас хурдан буурч байгаа тул дэлхийн эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.