Манай улсын тэтгэврийн тогтолцоо хангалтгүй, иргэдийн цалин бага байдаг нь тэтгэвэр авагчид зээл хүсэх гол шалтгаан болж байна
Сар шинийн баяр болоход 10 хоногийн хугацаа үлджээ. Энэ үеэр иргэдийн худалдан авалт ихсэж, бараа бүтээгдэхүүний үнэ ч өсдөг. Үүнээс шалтгаалан арилжааны банкнуудаас тэтгэврийн зээл авах ахмад настнуудын тоо нэмэгддэг байна. Гэвч зээл авсны дараах саруудад ахмадуудын орлого тасалдаж, сүүний ч мөнгөгүй болдог гэдгийг ахмадын холбооноос гаргасан судалгаанд дурдсан байна.

Монголбанкны тоо баримтаас харахад жилийн энэ үед монголчуудын зээлийн хэмжээ болон зээл авсан иргэдийн тоо нэмэгддэг байна. Тэр дундаа баяраа тэмдэглэх гэсэн ахмад настнууд тэтгэврийн зээлийг их хэмжээгээр авах хүсэлтэй байна.

2023 оны байдлаар улсын хэмжээнд нийт 388 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь их, бага хэмжээгээр тэтгэврийн зээлтэй байна.

Тэтгэврийн зээл авагчид болон ахмадын холбооны зүгээс зээлийн хүү өндөр хугацаа бага байгаа нь хүндрэлтэй байгааг хэлж байгаа юм. Тухайлбал:

Арилжааны банкнууд тэтгэврийн зээлийг 12-24 сарын хугацаатайгаар жилийн 15-16,8 хувийн хүүтэй олгож байна. Тэгвэл дунджаар 550 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан 12 сарын хугацаатай 16 хувийн хүүтэйгээр зээл авлаа гэж тооцооход 600 гаруй мянган төгрөгийг банкны хүүд суутгуулж үлдэгдэл мөнгийг гар дээрээ авахаар байна.

Үүний дараагаар ахмад настнууд тэтгэврийн зээл дуусах хүртэлх хугацаандаа орлогогүй, сүүний ч мөнгөгүй болдог байна.

Тэгвэл энэхүү зээлийн эрэлт нь эргээд инфляцын өсөлтөд нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, зээл авахад иргэдийн гар дээр гүйлгээний бэлэн мөнгө нэмэгддэг. Харин үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид эрэлт дээр дөрөөлөн үнээ өсгөдөг. Ингэснээр инфляц нэмэгддэг байна. Үүний суурь шалтгаан нь өрхийн орлого бага мөн манай улсын тэтгэврийн тогтолцоо сайжраагүйгээс үүдэлтэй гэж эдийн засагч үзэж байна.

Цаашид цагаан сар болон томоохон баяр ёслолын зардлыг урьдчилан төлөвлөж тухайн үед зориулан мөнгөө хадгалах, зээлээ зөв захиран зарцуулж сурахыг эдийн засагчид зөвлөж байгаа юм. Мөн иргэдийн орлогын чанарыг сайжруулах тал дээр анхаарал хандуулснаар жил бүр тэтгэврийн зээл авч баяраа тэмдэглэх ахмад настнуудын тоо буурна гэж үзэж байна.