ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого нь нийт хүн амын нийгмийн асуудлыг зохицуулахаас гадна татвараа үнэнч шударгаар өөрөө тодорхойлон төлөх байдлыг урамшуулах зорилготой. Гэтэл манай улсад цалингийн орлогоосоо 10 хувь ба үүнээс дээш хувиар татвар төлж байгаа иргэдийн татварын дарамт өндөр хэвээр байна. 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байсан буюу энэ хэмжээний татварын хөнгөлөлтийг одоо ч мөрдөж байна. Тодруулбал, та 1-1.5 сая төгрөгийн цалинтай бол тухайн сардаа ердөө 16.000 төгрөгийн л татварын хөнгөлөлт эдэлж байгаа юм. Тиймээс энэ төрлийн татварыг багасгахын тулд тухайн онд мөрдөж буй сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний цалинг нь сар бүр татвараас чөлөөлж болох юм байна.
Мөн татвар төлсөн, тайлагнасан иргэдийг урамшуулах, мөн тайлагнаагүй тайлагнах хугацаанаас хоцроосон иргэдэд торгууль ногдуулах боломжийг судалж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна иргэдийн дундах татвар хэрхэн тайлагнах, өөрөө мэдүүлэн татвар хэрхэн төлөх зэрэг мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа юм. Ирланд улсын жишгээс харвал татвар төлөхийн ач холбогдол, системийн талаарх ойлголтыг ЕБС-ийн сургалтын системдээ хүртэл оруулж ирсэн байдаг юм байна.
Мөн бага цалинтай иргэдийн татварын хувь хэмжээг бууруулах, хөнгөлөх замаар иргэдийнхээ ажил хийж, цалингаараа амьдрах сонирхлыг нэмэгдүүлж болно гэдэг саналыг эдийн засагчид дэвшүүлсээр байна. Үүнээс гадна олон улсын туршлагад тулгуурлан иргэдийн нийгмийн болон санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ангилан, тэдгээрт тохирсон хөнгөлөлт, чөлөөлөлтийг тодорхойлох хэрэгтэй байгаа юм.