Эрдэмтэн судлаачид ирэх 25 жилийн хугацаанд дэлхий даяар хорт хавдрын өвчлөл одоогийн тоон үзүүлэлтээс даруй 77 хувиар өсөн нэмэгдэнэ гэж тооцоолж байна

Эрдэмтэн судлаачид ирэх 25 жилийн хугацаанд дэлхий даяар хорт хавдрын өвчлөл одоогийн тоон үзүүлэлтээс даруй 77 хувиар өсөн нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Учир нь насжилт, таргалалт, тамхи, согтууруулах ундааны хэрэглээ зэргээс үүдэлтэйгээр хорт хавдрын өвчлөл нэмэгдэхээс гадна залуучууд өртөмтгий болох төлөвтэй байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас анхааруулжээ.

Өнгөрсөн 2022 онд дэлхий даяар 20 сая орчим хүн шинээр хорт хавдар туссан гэж бүртгэгджээ. 2018 онд уг тоон үзүүлэлт 18 сая байсан нь хорт хавдрын өвчлөл эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа гэдгийг нотолж байгаа юм. Тэгвэл 2050 он гэхэд хорт хавдрын өвчлөл 77 хувиар өсөн нэмэгдэж, нэг жилд ойролцоогоор 35 сая хүн хорт хавдраар өвчлөх төлөвтэй байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн пүрэв гарагт анхааруулжээ.

Өндөр хөгжилтэй улс орнуудад ирэх 25 жилийн хугацаанд хорт хавдрын өвчлөл хамгийн ихээр нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч эрт илрүүлэг, чанартай эмчилгээний ачаар нас баралт даган буурах төлөвтэй байна. Харин хөгжлийн түвшин доогуур улс орнуудад хорт хавдрын өвчлөл нэмэгдэхээс гадна эрүүл мэндийн системдээ илүү их дарамт учруулж болзошгүй байна. 2050 он хүртэл хөгжлийн түвшин доогуур улс орнуудад хорт хавдрын өвчлөл 142 хувиар, дунд түвшний хөгжилтэй орнуудад 99 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Ирэх ням гарагт дэлхийн хорт хавдрын өдөр тохиох гэж байгаатай холбогдуулан нийтэлсэн өөр тоо баримтыг дурдвал, 2022 онд 20 сая хүн шинээр хорт хавдар туссан бол тухайн жил 9,7 сая хүн уг өвчний уршгаар нас баржээ. 2022 оны байдлаар хорт хавдраар өвдөөд тав хүртэл жил амьдарч байгаа хүмүүсийн тоо 53,5 сая байгаа төдийгүй дэлхийн дахинд таван хүн тутмын нэг нь хорт хавдраар өвчилж байна.

Харин уушги, хөхний хорт хавдрын өвчлөл хамгийн түгээмэл бүртгэгдэж байгааг ДЭМБ-аас анхааруулсан байна. Нэг жилд уушгины хорт хавдраар 2.5 сая хүн, хөхний хорт хавдраар 2.3 сая хүн өвдөж байна.