АНУ-ын Засгийн газар Сири, Ирак улсуудад байрлах Ираны эзэмшлийн байршил, объектуудад хэд хэдэн удаагийн агаарын цохилт өгөх төлөвлөгөөг баталжээ. Тэгвэл агаарын цохилт өгөх ажиллагаа хэд хоногийн турш үргэлжлэх төдийгүй цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж довтолгоо нь удааширч магадгүй гэж холбогдох албаны хүмүүс хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Сирийн хилийн ойролцоо орших АНУ-ын цэргийн бааз Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлийн дроны халдлагад өртсөн юм. Энэ үеэр АНУ-ын гурван цэргийн алба хаагч амиа алдаж, олон арван үүрэг гүйцэтгэгч шархадсан тухай мэдээлж байлаа. Ирак дахь исламын эсэргүүцлийн бүлэгт Ираны хувьсгалт гвардийн хүчнийхний зэвсэглэсэн, санхүүжүүлсэн, сургаж, бэлтгэсэн олон цэрэг үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Харин 22-р цамхаг гэгддэг цэргийн баазыг онилсон дроны халдлагад ямар ч холбогдолгүй гэдгээ Ираны Гадаад Хэргийн яамнаас мэдэгдээд байгаа юм. Харин АНУ-ын албаны хүмүүс тус байгууламжид халдлага үйлдэхэд ашигласан нисгэгчгүй онгоцыг Иран улсад үйлдвэрлэсэн нь тогтоогдсоныг хариу мэдэгдсэн юм. Мөн халдлага үйлдэхэд ашигласан дрон нь Ираны ОХУ-ын Зэвсэгт хүчинд илгээсэнтэй ижил төстэй байгаа уламжилжээ. Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Ллойд Остин "Бид хаана, хэзээ, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ удахгүй дэлгэрэнгүй тайлбарлах болно” хэмээн хэлсэн байна. Батлагдсан төлөвлөгөө нь Ираны газар нутагт бус Сири, Ирак дахь зэвсэгт бүлэглэлийн байршилд цохилт өгөхтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын Бүгд Найрамдах намын хууль тогтоогчид Ираны нутаг дэвсгэрт хариу цохилт өгөх шахалтыг Жо Байдены засаг захиргаанд үзүүлээд байгаа юм. Харин Цагаан ордны тэргүүн Жо Байден хариу цохилт өгөхөө хэд хэдэн удаа амласан ч Ойрх Дорнодын мөргөлдөөн өргөн хүрээг хамарсан дайн болох эрсдэлээс сэргийлж, асуудалд илүү нухацтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна.