Монгол улсын хөгжлийг нэг төвтэй биш хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангаж, мөнгөний нөлөөлөл, нутаг усны талцлаас ангид байх ёстой гэж үзээд сонгуулийг бүсчилсэн тойрог байгуулан холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Энэ онд болох УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахад 32 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ жилийн сонгуульд бизнесийн зориулалттай зар сурталчилгааны самбар ашиглахгүй бүх нэр дэвшигчид нэг самбарт зургаа байршуулах зэрэг олон нэмэлт заалтууд орсон. Гэсэн хэдий ч шинэчилсэн хуулийн заалтад сонгуулийг зардал багатай явуулах асуудалд анхаарал хандуулаагүйд хуульчийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа сонгуульд зарцуулах зардлыг бууруулах зохицуулалтуудыг тусгажээ . Сонгуулийн зардлыг 2 үе шаттай бууруулахаар эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм байна. Мөн одоогоор нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах төсөв тогтоогдоогүй бөгөөд энэ сарын сүүлээр аудитын газрын дүгнэлтээр гарч сонгуулийн ерөнхий хорооноос батлах юм байна.
Сонгуулийн зардлын дийлэнх хувь сурталчилгаа,тараах материал зэрэгт зарцуулагддаг байна. Тэгвэл дэлхийн бусад улс оронд сонгуулийн зардлыг бууруулах олон жишиг байдаг. Тодруулбал нэг тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөр зэргийг нэг товхимолд багтаан хэвлэснээр бодитоор зардлыг хэмнэж чаддаг байна.