Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг нуун дарагдуулснаар дахин давтагдах, даамжрах цаашлаад хүний амь хохирох эрсдэлтэй

Өнгөрсөн Баасан гаргийн шөнө цагдаагийн байгууллагад хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 100 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Гэмт этгээдүүд дийлэнхдээ архидан согтуурсан үедээ хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон байна. Тэгвэл мэргэжилтнүүдийн судалгаагаар халамжийн мөнгө буусан, иргэдийн гар дээр бэлэн мөнгө тараасан үед ахуйн хүрээний архидан согтууралт ихсэж, хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл бий болдог. Нөгөө талдаа хүчирхийллийг мэдээлэхгүй байх нь дахин давтагдах, даамжрах эрсдэлд хүргэдэг байна.

Цагдаагийн байгууллагад хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өдөрт дунджаар 50-70 орчим бүртгэгддэг. Харин өнгөрсөн хоногт энэ тоо 100 болж нэмэгджээ. Тэгвэл сарын тодорхой өдрүүдэд хүчирхийллийн тоо харьцангуй нэмэгддэг байна. Тухайлбал, хүүхдийн мөнгө, халамж буух, ямар нэг байдлаар зах зээлд бэлэн мөнгө тараагдах үеүдэд архидан, согтууралт нэмэгдэж цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үүсэх нөхцөл бий болдог байна. Үүнээс сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллагаас цахим бүртгэлийн системийн хөгжүүлж хүчирхийлэл үйлдсэн этгээдийг бүртгэж, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэн хяналт тавих ажлыг зохион байгуулж эхэлжээ. Гэвч хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын зарим нь энэ тухайгаа ойр дотны хэн нэгэн, найз нөхдөдөө хэлдэг бол дийлэнх нь хэнд ч хэлдэггүй, нуун дарагдуулдаг байна. Энэ байдал нь ийм төрлийн хүчирхийлэл газар авах, нэмэгдэх шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэл давтагддаг, даамжирдаг, далд үйлдэгддэг байна.

Мөн хохирогчоос илүүтэйгээр эргэн тойрны хүмүүс, холбогдох мэргэжилтнүүд асуудлыг мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад мэдээлэх зайлшгүй шаардлагатай байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт даруй арга хэмжээ аваагүйгээс нөхөж болзошгүй гарз, хохирол учрах эрсдэлтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.