Хаврын баяр буюу цагаан сарын баярыг билгийн тооллыг эртнээс дагаж ирсэн Ази тивийн улс орнууд өргөн тэмдэглэж иржээ
Хаврын баяр буюу цагаан сарын баярыг билгийн тооллыг эртнээс дагаж ирсэн Ази тивийн улс орнууд өргөн тэмдэглэж иржээ. Хаврын улирлыг угтаж тэмдэглэдэг уг баярт тэд хэрхэн ач холбогдол өгч, онцгой болгодог тухай Өрнөдийн хэвлэлүүд ийнхүү мэдээлж байна.

БНХАУ-д хаврын баяр 15 хоног үргэлжилдэг. Тэдний хувьд  цагаан сар нь бүхий л үндэстнийг хамарсан хамгийн том баярын нэг юм. Хятад улсын иргэд хуанлийн тооллоор хаврын эхний өдөр эхлэхээс өмнө гэртээ их цэвэрлэгээ хийдэг ч шалаа угаадаггүй байна. Тэд шалан дээр хуучин оны хамгийн их олз омог, аз, сайн сайхан бүхэн тогтон үлдсэн гэж үздэг тул угаадаггүй байна. Хятадын иргэд хаалганы тотго дээр урт тууз бэхэлж, шинэ сар эхэлсний дараа тайлан авдаг нь эд баялаг дуудаж, урт нас, эрүүл саруул амьдралыг бэлгэддэг гэж үздэгтэй нь холбоотой байна. Хятадуудын баярын өдөр ихэвчлэн ногоогоор хийсэн хоол зооглодог бөгөөд энэ зан үйл нь биеэ цэвэрлэж, өөрийгөө ирэх ондоо бэлтгэдэг гэж үздэгтэй нь холбоотой байна. Мөн энэ өдөр тэд бэлэн мөнгө, үнэтэй бэлэг сэлт солилцдог уламжлалтай ажээ,

Япон улсад цагаан сарыг Ошогацү хэмээн нэрлэдэг бөгөөд 3 хоног үргэлжилдэг.  Баярын ширээний идээндээ голчлон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Цагаан сарын гол онцлог болох Отоши Дама ёслол,  энэ нь үр хүүхдүүд нь эцэг эхдээ дугтуйнд чин сэтгэлийн захидлаа бичиж, бэлэн мөнгөний хамтаар бэлэглэдэг. Япончууд баярын өмнө гэрээ цэвэрлэж, саке архиа гэрийнхээ хаалганы гадна талд тавьдаг байна. Үүнийг нь бусад хүмүүс авч хэрэглэх боломжтой төдийгүй үүгээрээ тэд буян үйлдэж, зав зай багатай нэгэндээ тус дэм болдог байна.

Үүнээс гадна цагаан сарыг Вьетнам улсад өргөн дэлгэр тэмдэглэдэг. “Тэт” хэмээн нэрийддэг хаврын баярыг тэд 1-р сарын сүүлээр эсвэл 2-р сарын эхээр тэмдэглэдэг байна. 1990 оноос Вьетнамчууд цагаан сарыг 7 хоног тэмдэглэж эхэлсэн бөгөөд тэд шинэ сар гарахаас өмнө хамгийн түрүүнд өр ширээ дарах ёстой гэж үздэг байна. Мөнгө, санхүүтэй холбоотой өр зээлээ төлдөг эсвэл гомдоосон ойр тойрны хүмүүсээсээ уучлал эрж, тоглож наадан, шөлөө зооглож баярладаг байна.

Өмнөд Солонгосчууд мөн хаврын баярыг билгийн тооллын хуанлин цагилбарын дагуу тэмдэглэдэг бөгөөд Сеоллал хэмээн нэрийддэг байна. Баярын өдөр тус улсад гэрийн эзэгтэй нар тток, гаретток зэрэш шарсан махыг заавал зооглодог уламжлалтай.  Түүнчлэн зочдодоо ногоогоор хийсэн банш бүхий шөлөөр заавал дайлдаг. Өмнөд Солонгосчууд шинэ хувцас өмсөж, гэр бүлийн хамгийн өндөр настай гишүүнийдээ цугладаг байна.