Өнгөрсөн Лхагва гарагт цахим гэмт хэрэгт хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллагаас нийтэлсэн тайланд 2023 онд хакерууд хэрэглэгчийн мэдээлэл, байгууллагын дата өгөгдлийг барьцаалж, 1 тэрбум америк долларын өртөг бүхий криптовалютыг хохирогчдоос хулгайлжээ. 2022 онд дэлхий даяар кибер аюулгүй байдлын ач холбогдлыг сурталчилсны хүчинд ийм төрлийн гэмт хэрэг цөөн гарч, хохирлын хэмжээ бага байсан хэдий ч 2023 онд эргэн ийм төрлийн халдлагын тоон үзүүлэлт өсжээ.
Кибер аюулгүй байдлын “Record Future” компани өнгөрсөн онд 4399 кибер орчны гэмт хэрэг үйлдэгдэж, 1 тэрбум америк.долларын хохирол учирсныг мэдээлжээ. Энэ нь 2022 онд ердөө 2,581, 2021 онд 2,866 ийм төрлийн кибер халдлага үйлдэгдсэнтэй харьцуулахад томоохон өсөлт болжээ. Хакерууд программ хангамж зохион бүтээгчидтэй хамтран дата мэдээлэл хулгайлах кибер төхөөрөмжийг зохион бүтээж, кибер халдлагаа үйлддэг байна.
Хакерууд албан байгууллага болон хэрэглэгчийн хулгайлсан дата мэдээлэл, өгөгдлийг барьцаалж хохирогчдод дарамт шахалт үзүүлдэг бөгөөд ашиг хонжоо олохын тулд хулгайлсан мэдээллээ задруулна гэж сүрдүүлдэг байна.
Тэгвэл хохирогчдын 70 орчим хувь нь барьцааны төлбөрөө төлж хулгайд алдагдсан чухал мэдээллээ, чөлөөлж авахын тулд 1 гаруй тэрбум долларыг төлсөн байна. Хакерууд төрийн байгууллага, эмнэлэг, сургууль зэргийн архив, дата мэдээлэл зэргийг барьцаалж өндөр хохирлын хэмжээ дагуулах халдлагыг үйлддэг жишиг тогтоожээ. Хэрэглэгчид үнэ цэнтэй мэдээлэл, судалгааны тайлан зэргээ хакеруудад алдсан тохиолдолд дундын зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компаниар дамжуулан тэдэнтэй харилцаа тогтоож, хэлэлцээ хийдэг байна. Харин хулгайд алдагдсан мэдээллээ чөлөөлж авахын тулд зөвхөн криптовалютаар төлбөрөө төлөх ёстой байна. Хакерууд хохирогчдын цахим орчин дахь дэд бүтэц, дата мэдээллийг барьцаалж 1.1 тэрбум америк долларын унацтай ажилласан нь бусдад сөрөг нөлөөлөл үзүүлж, халдлага, гэмт хэргийг гаралтыг нэмэгдүүлэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд АНУ тэргүүтэй улс орнуудын зохицуулагчид болон хууль сахиулах байгууллага зөвхөн кибер орчинд гэмт хэрэг үйлдэж байгаа бүлэглэлүүд болон гэмт хэрэгтнүүдийг криптовалют ашиглан мөнгө угаадаг явдалтай тэмцэж, тэдний араас хөөцөлдөж байна. Гэсэн хэдий ч 2023 онд ийм халдлагын тоон үзүүлэлт өсөн нэмэгдэж түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн нь олон улсын хууль сахиулагчдын криптовалютын эсрэг тэмцэл үр дүнд хүрээгүйг илтгэж байна.